Карабахын иргэдийг хамгаалах энхийг сахиулах хүчин байгуулахыг АНУ дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-26 10:06:33

ВАШИНГТОН. /AP/. Уулын Карабахын оршин суугчдын аюулгүй байдал, эрхийг хамгаалахын тулд олон улсын энхийг сахиулах хүчнийг байгуулах шаардлагатай гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа тухай Төрийн департаментын төлөөлөгч Мэттью Миллер мэдэгджээ. 


Түүний ярьснаар, АНУ-ын тал дээрх асуудлыг холбоотнуудтайгаа "идэвхтэй” хэлэлцэж байгаа аж. 


"Бид Азербайжаны эрх баригчдын олон нийтэд хандан мэдэгдсэнчлэн Уулын Карабахын оршин суугчдын эрх, аюулгүй байдлыг тууштай хамгаална гэсэн ил тод баталгааг гаргаж, тэдэнд итгэл найдвар өгөхийн тулд олон улсын энхийг сахиулах хүчнийг байгуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэж М.Миллерр даваа гарагт мэдээлэл хийх үеэрээ хэлжээ.


Түүний хэлснээр, Уулын Карабахад үүссэн нөхцөл байдлыг зохицуулахын тулд гал зогсоох хугацааг сунгах, оршин суугчдын хүмүүнлэгийн хэрэгцээг судлах, Азербайжан, Арменийн хооронд энх тайван тогтоох гэсэн гурван зүйлийг хэлэлцэх шаардлагатай байна.


Есдүгээр сарын 19-нд Азербайжаны зэвсэгт хүчин Уулын Карабахт цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Маргааш нь буюу есдүгээр сарын 20-нд талууд гал зогсоохоор тохиролцож, уг хэлэлцээрийн хүрээнд Уулын Карабахын арми зэвсгээ хураалгахыг зөвшөөрчээ. Цаашид Уулын Карабахыг Азербайжанд нэгтгэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.


Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Уулын Карабахын Бүгд Найрамдах Улсын эрх баригчдын мэдэгдсэнээр, 120 мянга орчим армян үндэстэн иргэд Армен улс руу явах хүсэлтэй байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Уулын Карабахын 6 600 гаруй оршин суугч Арменид ирсэн байна.




Холбоотой мэдээ