Кубын ЭСЯ руу халдсан явдлыг Ж.Салливан буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-26 12:55:21

ВАШИНГТОН. /Politico/. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан даваа гарагт мэдэгдэл хийхдээ Вашингтон дахь Кубын Элчин сайдын яамны байр руу үйлдсэн халдлагыг буруушаалаа.


“Ням гарагт Вашингтон хот дахь Кубын ЭСЯ руу дайрсан халдлагыг АНУ эрс зэмлэн буруушааж байна. Дипломат төлөөлөгчийн газрын байр руу халдахыг бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж Ж.Салливан мэдэгдэлдээ дурджээ. "Кубын ЭСЯ-ны ажилтнууд болон хууль сахиулах байгууллагуудтай бид холбоотой ажиллаж, мөрдөн байцаалтын ажиллагааг зохих ёсоор цаг алдалгүй явуулж, цаашдаа хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна" гэж тэрбээр хэллээ.


Нууц албаныхан ням гаргын орой хэргийн газарт очсон бөгөөд ЭСЯ-ны барилгад ноцтой хохирол учраагүй гэдгийг мэдэгджээ.


2015 онд тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама Куба улстай дипломат харилцаагаа сэргээсний дараа Цагаан ордноос хойд зүгт 3 км-ийн зайд орших Адамс Морган дүүрэгт тус ЭСЯ-ыг дахин нээсэн юм.


Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес Паррилла "X" сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, уг халдлагыг "терроризм" гэж нэрлэсэн байна. “ЭСЯ-ны байшин руу халдсан этгээд 2 ширхэг шатамхай шингэнтэй шил буюу "Молотовын коктейль" шидэж, террорист халдлага үйлдлээ. Яамны ажилтнууд гэмтэж бэртээгүй” гэж сайд бичжээ.


Хэдийгээр АНУ, Куба улс 2015 онд албан ёсны харилцаагаа сэргээсэн боловч уг харилцаанд төдийлөн ахиц гарахгүй байгаа юм.


Ташрамд дурдахад, 2020 оны дөрөвдүгээр сард Кубын ЭСЯ руу гал нээж, барилгын нүүрэн талыг эвдлэн сүйтгэсэн  этгээдийг Вашингтоны цагдаа нар баривчилж байв. 



Холбоотой мэдээ