Өмнөд Солонгост сүүлийн 10 жилд анх удаа цэргийн парад болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Reuters/. Умард Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул заналын эсрэг цэргийн сүр хүч, хатуу байр сууриа харуулахын тулд БНСУ сүүлийн 10 жилд анх удаа цэргийн томоохон парад зохион байгуулж байна.
Зэвсэгт хүчний өдөрт зориулсан уг арга хэмжээний үеэр баллистик пуужингаас эхлээд цохилтын нисдэг тэрэг зэрэг зэвсэг техникүүдийг үзүүлсэн нь тив алгасагч баллистик пуужингуудаа үзүүлдэг Умард Солонгосын парадтай харьцуулахад даруухан үйл явдал юм.
Ерөнхийлөгч Юн Сог Ёль Сөүлийн агаарын цэргийн хүчний баазад хэлсэн үгэндээ “хэрэв Умард Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл Өмнөд Солонгос-АНУ-ын эвсэл хариу арга хэмжээ авах бөгөөд ингэснээр тус улсын эрх баригч дэглэм эцэс болно” гэжээ.
Өдрийн туршид үргэлжлэх уг парадад Өмнөд Солонгосын олон мянган цэрэг, танк, өөрөө явагч их буу, түүнчлэн довтолгооны нисэх онгоц, нисгэгчгүй онгоцууд оролцох бөгөөд тус улсад байрлаж буй АНУ-ын 28 500 цэргээс 300 хүн оролцоно гэж БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.
Цэргийн парадын онцлох үйл явдал нь Сөүлийн худалдаа, бизнесийн гол дүүргээс тус хотын төвд байрлах ерөнхийлөгчийн ордонд хүрэх гарц болох Гванхвамун дүүрэг хүртэл 2 километр замаар дайран өнгөрөх жагсаал болох юм.
Мягмар гаргийн парад Сөүл хотын захад байрлах Соннам агаарын баазаас эхэлсэн бөгөөд “Hyunmoo” пуужин, L-SAM пуужин амдан сөнөөгч цогцолбор, тагнуулын нисгэгчгүй онгоцууд зэрэг цэргийн техникүүд оролцож байна. “F-35” сөнөөгч онгоцууд болон дотооддоо зохион бүтээсэн анхны сөнөөгч онгоц болох “KF-21”-ээр нислэг үйлдэх байсан боловч цаг агаараас шалтгаалан цуцалсан тухай Ерөнхийлөгчийн ажлын алба мэдээлжээ. “Hyunmoo” бол Өмнөд Солонгосын хамгийн сүүлийн үеийн пуужингуудын нэг бөгөөд мөргөлдөөн гарсан үед Умардад цохилт өгөх гол хэрэгсэл гэж ажиглагчид үздэг бол “L-SAM” нь 50-60 км-ийн өндөрт буй пуужинг амдан сөнөөж чадах юм.
Батлан хамгаалахын сайдын хэлснээр, парадын үеэр мөн Өмнөд Солонгос, Америкийн цэргийн нисэх онгоцууд "хамгаалалтын нэгдмэл байрлалыг" харуулсан хамтарсан нислэг үйлдэнэ.
БНСУ хамгийн сүүлд 2013 онд цэргийн парад зохион байгуулж байв. Зэвсэгт хүчний өдөрт зориулсан арга хэмжээнүүд ба парад энэ жилийн үндэсний их баяртай давхцаж байгаа тул 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зохион байгуулж байгаа ажээ.