“Улаанбаатар Түншлэл-2023”-д ОХУ, Беларусь, БНХАУ-ын 60 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-09-28 10:15:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн яармаг “Мишээл Экспо” төвд өнөөдөр нээгдэж байна.


“Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн яармаг нь 48 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн арга хэмжээг МҮХАҮТ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн бизнес, инноваци хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаа юм.

Үзэсгэлэнд ОХУ-аас 20 гаруй, Беларусь улсаас 7, БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй, дотоодын 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, хамтран ажиллах түншлэлийн уулзалтууд болох юм.


Тодруулбал, Беларусь улсын Минск хотын сүүний №1 үйлдвэр, ОХУ-ын хүнсний шилдэг үйлдвэр "Окинск" зэрэг томоохон аж ахуй нэгж, нийт 60 гаруй олон улсын үйлдвэрлэгч нар оролцож байна. Дээрх хоёр улсын бизнес, үйлдвэрлэл эрхлэгч нар доорх чиглэлүүдээр хамтран ажиллахаа илэрхийлж байна. Үүнд:

  • Хөдөө ахуйн чиглэлээр, био бордоо, органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, ургац хураагч комбайнууд, бүх төрлийн ХАА-н тоног төхөөрөмж, ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробусууд,
  • Барилгын чиглэлээр, барилгын материал, гипс хавтан, фанер, хөөс, дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл,
  • Хүнсний чиглэлээр, жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, зөгийн балны үйлдвэрлэл, ойн жимсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, тосны ургамлын үр тариа (маалинга, рапс)-ны бүтээгдэхүүн, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан бүтээгдэхүүн, чихэр,
  • Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр, бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, халуун хадгалах сав, гэр ахуйн хэрэгсэл
  • Эрүүл мэндийн чиглэлээр, мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, Байгаль нуурын давирхай зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх, худалдан борлуулж хамтран ажиллах түнш, хэрэглэгчдийг урьж, өргөнөөр оролцохыг илэрхийллээ.
Холбоотой мэдээ