ДУНДГОВЬ: ОБЕГ-аас гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас Дундговь аймагт 9 дүгээр сарын 25-30-нд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн хүрээнд Ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албаны бэлтгэл, бэлэн байдлыг шалгав.
Бэлэн байдлын үзлэгт аймгийн Онцгой комисс, гамшгаас
хамгаалах 12 алба, гамшгаас хамгаалах тусгай зориулалтын 15 мэргэжлийн анги,
нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүн, 68 техник хэрэгсэл, 400 гаруй багаж
зэвсэгтэйгээр жагсчээ.
Түүнчлэн үзлэгийн хүрээнд мэргэжлийн анги, албадын техник
хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, бүрэлдэхүүний бичиг баримт, бэлэн байдлын
үүргэвчний иж бүрдлийг нэг бүрчлэн шалгаж, аймгийн Онцгой комиссын гишүүд,
албадын дарга нарыг хээрийн нөхцөлд хийсвэр цагийн байдалд ажиллуулав.
Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн 5 жилд 647 удаагийн
гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдож, үүний улмаас 57 (коронавируст халдвараар 26) хүн амиа алдаж, 14 322 (коронавируст халдвараар-14298) хүн гэмтэж бэртэн өвчилж,
144,2 мянган толгой мал, амьтан хорогдож, 1,9 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Үүнээс зөвхөн 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хүчтэй салхи
шуурганы улмаас 354 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 468 хүн төөрч, 9
иргэн амиа алдаж, 140 мянган толгой мал, амьтан хорогдож 292.7 сая
төгрөгийн шууд хохирол учирсан байна.
Бэлэн байдлын үзлэг зохион байгуулснаар гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, хор уршгийг арилгах үйл ажиллагаанд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлнэ хэмээн мэргэжлийн байгууллагаас онцоллоо.