Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд хавдрын шинэ 20 тохиолдол илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-19 23:46:23

“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Хөвсгөл аймагт урьдчилсан байдлаар Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг нийт 2331 хүнд үзлэг, оношилгоо хийж, үүнээс хавдрын шинэ тохиолдол 20, мөн сэжигтэй 19 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд шинэ тохиолдлын 11 нь элэг цөсний хавдар байсан гэнэ.

Мөн хавдрын өвчлөлөөр эмчийн хяналтанд байдаг 324 хүнд хяналтын үзлэг хийж, эдийн шинжилгээ 13 болон эсийн шинжилгээ 86-ийг хийжээ. Аяны баг тус аймгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, сувилагч, мэргэжилтнийг ажлын байранд нь дагалдан сургаж дадлагажуулжээ.

Хөдөө орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа зохион байгуулах, хавдрын тусламж үйлчилгээг ойртуулах зорилготой “Хавдрын эсрэг үндэсний аян-2016”-д Хөвсгөлчүүд идэвхтэй хамрагджээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ