Украиныг дэмжих зорилгоор 50 тэрбумын сан байгуулахыг Европын парламент дэмжлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-04 15:47:42

КИЕВ, 2023 оны аравдугаар сарын 4 /VoA/. Урт хугацааны төсвийг дахин хянаж, Украинд зориулан 50 тэрбум еврогийн төсөвтэй сан байгуулахыг Европын парламент дэмжлээ.


Тус парламентын цахим хуудсанд мягмар гарагт мэдээлснээр "2021-2027 оны санхүүгийн суурь үзүүлэлт" гэдэг баримт бичгийг дахин хэлэлцэх саналыг 393 гишүүн дэмжиж, 136 гишүүн эсэргүүцэж, 92 гишүүн түдгэлзсэн байна.


Аравдугаар сарын 5-нд Европын парламентын Төсөв, гадаад бодлогын хороо Украиныг сэргээн босгох, шинэчлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2024-2027 онд 50 тэрбум еврогийн тусгай сан байгуулах асуудлаар санал хураана.


Европын парламентын гишүүн Ян Олбрихт мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Европын Холбооны /ЕХ/ төсвийн тэргүүлэх чиглэлийг шинэчлэх "амбицтай бөгөөд бодитой" саналуудын талаар мэдээлжээ.

 

“Бид ЕХ-ны эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ 50 тэрбум еврогийн шинэ сангийн тусламжтайгаар Украины байдлыг тогтворжуулахыг эрмэлзэж байна. Мөн цагаачлалтай холбоотой нэмэлт зардлыг төсөвт суулгаж, хямралын үед уян хатан байдлыг хангаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.


Төсвийн тодотголын асуудлаар түүнтэй хамт мэдээлэл хийсэн Европын парламентын гишүүн Маргарита Маркес хэлэхдээ “өнөөдөр манай парламент ирэх дөрвөн жилд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлов” гэж онцоллоо.


Олон жилийн төсвийн санхүүжилтэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь Украиныг дэмжиж, урт хугацаанд тогтвортой байлгах зорилготой гээд "энэ бол зөвхөн Украины аюулгүй байдлын тухай биш, Европын аюулгүй байдал, бидний ирээдүйтэй холбоотой асуудал юм" гэж Европын парламентын Ерөнхийлөгч Роберта Мецола тэмдэглэн хэлэв.


Тэрбээр мөн цагаачлалын асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмэлт төсөв хуваарилах, байгалийн гамшигт нэрвэгдсэн ЕХ-ны гишүүн орнуудад түргэн шуурхай, үр дүнтэй тусламж үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг парламентын гишүүдэд уриалжээ.


Холбоотой мэдээ