Хайдельберг хүний дүр төрхийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-04 16:45:36

КОМОТИНИ, 2023 оны аравдугаар сарын 4, /sciencedirect/. Демокритийн нэрэмжит Фракийн их сургууль ба “Эллада” судалгаа, технологийн төвийн эрдэмтэд ойролцоогоор 150-250 мянган жилийн өмнө Грект амьдарч байсан Хайдельберг хүний (Homo heidelbergensis) дүр төрхийг сэргээжээ.


Тэд 60 орчим жилийн өмнө Петралона агуйгаас олдсон гавлын ясыг шинжлэн судалсан байна. Уг гавлын ясны эрүүний яс нь байхгүй байсан тул 1907 онд Германаас олдсон Хайдельберг хүний эрүүний ясыг ашиглажээ. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Journal of Archaeological Science: Reports” сэтгүүлд нийтлэгдсэн байна. 


Судлаачид 3D сканнер ашиглан гавлын ясыг сканнердаж, дараа нь ясны анатомийн онцлогт үндэслэн нүүрний хэлбэрийг сэргээжээ. Ингэхдээ том хөмсөг, нүүрний том ясыг анхаарч тодотгож өгчээ. Уг эртний хүн асар том гавлын ястай байжээ.


Ийм төрлийн анхны олдвор нь Германы Мауэр хотын орчмоос олдсон эрүүний яс байв. Уг ясыг шинжлэн судалсан профессор Отто Шөтенсак эртний хүнд өөрийн их сургууль Хайделбергийн нэрийг өгсөн байна. Heidelberg хүн бол хүний хувьслын завсрын төрөл зүйл юм. Орчин цагийн судлаачид уг төрөл зүйлийг 800-130 мянган жилийн өмнө Европ, Африкт амьдарч байсан тусдаа төрлийн хүмүүс гэж үздэг. Энэ төрөл зүйл нь 800-700 мянган жилийн өмнө Африкт үүссэн Хомо эректусаас гаралтай бөгөөд неандертальчуудын өвөг дээдэс юм. Түүнчлэн удаан хугацааны туршид Хомо сапиенсийн өвөг дээдэс гэж үзэж байсан боловч палеогенетикийн мэдээллүүд энэхүү таамаглалыг няцаажээ.



Холбоотой мэдээ