ОРХОН: Лабораторид суурилсан мал эмнэлгийг аймагтаа байгуулах зорилт дэвшүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-10-09 11:40:24
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар баярын хурлаа хийлээ.


Аймгийн мал эмнэлгийн газар Баян-Өндөр, Жаргалант сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний есөн аж ахуйн нэгжийг мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй мах боловсруулах таван үйлдвэр, хүнсний  хоёр зах, эрчимжсэн мал аж ахуйн 10 фермер болон 1350 малчин, мал бүхий өрхөд үйлчилгээ үзүүлдэг.


Аймгийн мал эмнэлгийн газраас хүнсний аюулгүй байдалд анхаарах, орон нутгийн бодлого шийдвэртэй уялдуулан бүтээгдэхүүн, малын шилжилт хөдөлгөөнийг цахим системд шилжүүлэх, лабораторид суурилсан мал эмнэлгийг аймагтаа бий болгох зорилт тавин ажиллаж байна.


Аймгийн хэмжээнд 56 малын эмч, мал зүйчид ажиллаж байна.  


Ташрамд дурдахад, 1976 онд Эрдэнэт хотын хүн амыг сүү, төмс, хүнсний ногоогоор хангах зориулалттай Улаантолгойн сангийн аж ахуй байгуулах шийдвэр гарч Булган аймгийн Мал эмнэлгийн газраас малын эмч нарыг томилон ажиллуулж байжээ.


Улмаар 1977 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Мал эмнэлгийн тасаг нэртэйгээр байгуулсан нь хөдөө аж ахуйн салбарыг бодлого арга зүйгээр нэгтгэн удирдах төрийн байгууллагын салбар үүссэн юм.

 

Холбоотой мэдээ