Х.Нямбаатар: Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-17 15:49:53

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар “Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагуудыг хуулийн хүрээнд бүх талаар дэмжин, хамтран ажиллана. Мөн төрөөс бодлогын дэмжлэг үзүүлж, хувийн хэвшил нь менежментээ хийснээр зардал, цаг хугацаа хэмнэж, ажлын байр нэмэх боломжтой” гэв.


Тэрбээр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг нартай уулзах үеэрээ ийнхүү тэмдэглэсэн байна.


Уулзалтаар хотын тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дан ганц төр гэхээс илүүтэй хувийн хэвшлийн туршлага, мэдлэг, нөөц бололцоо, оролцоо чухлыг онцлов. Мөн нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй хувийн аж ахуйн нэгж, байгууллагыг хотын зүгээс салбар бүрийг дэмжих, цаашид хамтран ажиллах боломжийг ярилцжээ. Тодруулбал, бодлогын судалгаанд суурилан бизнесийн орчныг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт өрнүүлэх, хууль, эрх зүйн шаардлагатай шинэчлэлийг цаг алдалгүй зохион байгуулах тухай хэлэлцсэн юм. 



Түүнчлэн, үндэсний болон хотын худалдааны танхимтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэх, түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр ойрын хугацаанд бодит ажил хийхээр харилцан тохиролцжээ. 

Холбоотой мэдээ