БАЯНХОНГОР: Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын үзлэг судалгааг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-01 10:07:57

Баянхонгор, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын үзлэг судалгаа"-г 12 сумын 60 гаруй өв тээгчдийг хамруулан аравдугаар сарын 17-29-ний өдрүүдэд зохион байгуулжээ.


Судалгааны бүрэлдэхүүнд багийн ахлагч Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газрын Соёл, урлагийн хэлстийн дарга Соёл судлалын ухааны доктор Л.Пүрэвлхам, “Цахим суварга" ТББ-ын гүйцэтгэх захирал зураглаач Б.Батзориг, “Цахим суварга” төслийн менежер Э.Гэрэлмаа, Баянхонгор аймгийн Соёл, урлагийн газрын Соёлын өвийн мэргэжилтэн Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажилласан байна. Уг судалгааг бэлтгэсэн маягтын дагуу 4 бүлэг 35 асуулгаар 60 гаруй соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаас авчээ.


Соёлыг өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажлыг орон даяар нэг жилийн хугацаатай зохион байгуулж байна. Судалгааг соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах, өв болон өвлөн уламжлагчийн өнөөгийн нөхцөл байдал, оршин тогтнох чадварт дүн шинжилгээ хийж, цаашдын хамгаалалтын саналыг боловсруулах зорилготой.


Тус үзлэг, бүсчилсэн судалгааны ажлыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монголын үндэсний музей, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж буй аж.


Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсүүдэд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулжээ. Үүнд:
1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;
2. Ардын язгуур урлаг;
3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;
4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;
5. Уламжлалт арга ухаан;
6. Мал маллах арга ухаан;
7. Уламжлалт гар урлалыг багтаасан байна.

Холбоотой мэдээ