Монгол цуурын уламжлалт урлагийн шавь сургалтын төвийг нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-03 09:35:16
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд Монгол цуурын уламжлалт урлагийн шавь сургалтын төвийг өчигдөр Соёлын өвийн үндэсний төвд нээлээ.


ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн Монголын уламжлалт цуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч, соёл судлаач, 8 дахь үеийн цуурч, Соёлын тэргүүний ажилтан Б.Наранбат энэхүү уламжлалт шавь сургалтын төвийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа аж.


Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд соёл судлаач, туульч, МУСГЗ А.Балдандорж, СУИС-ийн Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг, судлаач, доктор Л.Эрдэнэчимэг, Соёлын өвийн үндэсний төвийн Бүртгэл, мэдээллийн газрын дарга А.Саруул тэргүүтэй 50 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.


Алтайн урианхайчууд цуурыг эрт үеэс Алтайн эзнээс ангийн хишиг гуйх, ган гачиг, зуд турхан зэрэг гамшиг тохиолдоход уул ус, тэнгэр хангайгаа аргадан тахиж тайх, бороо хур буулгах, алс холын аян жинд явахад хувь заяа, явдал үйлээ даатгах, хурим, найрыг цуурын эгшгээр мялааж, айл гэрийн жаврыг үргээх зэрэг ёслол, зан үйлд ашиглаж иржээ.


Холбоотой мэдээ