Монголын 585 жилийн түүхийг зурагласан 10 боть номыг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-06 16:22:49

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол Улсын Үндэсний номын сангийн Монгол судлалын номын сан хөмрөгт Монголын 585 жилийн түүхийг зурагласан “Төвөдийн өөртөө засах орны архив дахь төвөд, монгол, манж архивын баримтуудын сонгомол” хэмээх 10 боть, үнэ цэнтэй бүтээлийг хандивлалаа.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монгол судлалын номын арвин, ховор цуглуулгатай хүмүүсийн нэг гэгддэг бөгөөд түүний хандивын номыг Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Жамьян Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоод гардуулан өгөв.


Эдгээр 10 боть ном нь “Дундад”-ын монголч, төвөдөч, манжич эрдэмтдийн 2014-2019 онд хийж гүйцэтгэсэн 5 жилийн судалгааны үр дүн бөгөөд Төвөдийн өөртөө засах орны Архивын сан хөмрөгт буй “Дай Үн хэмээх Их Монгол Улс”, Дай Мин, Дай Чин улсын төрд хамаарах 1324-1908 оны сонгомол 1394 бичгийг эмхэтгэжээ. Чингэхдээ голдуу монголоор бичсэн бичиг баримтыг оруулсан нь чухамдаа монгол хүнд зориулсан гэмээр онцгой бүтээл аж.


Төвөдийн Засгийн газар хийгээд Далай лам, Банчин Богдын хувилгаад Манж, Монголын хаад ноёд, Монголын тамгатай, тамгагүй хутагтуудтай харилцаж байсан зарлиг, албан бичиг, өртөө улаа, хувийн захидал, ном тэргүүтнийг өнгөт зургаар хэвлэсэн нь түүхэн явдлыг дам биш, тулгар бичгээр судлахыг эрхэм болгосон бүтээл болжээ. Түүнчлэн уг бүтээлийг зах зээлээс эгүүлэн татаж байгаа гэсэн мэдээлэл буй.


Монголын их хаад Нангиадыг түшмэдээр нь, Төвөдийг ламаар нь захирах бодлого хийгээд Төвөд, Монголын хооронд олон зууны турш хөгжсөн багш, өглөгийн эзний холбоо амьдрал дээр хэрхэн хэрэгждэг байсныг зөвхөн эдгээр бичиг данснаас ойлгож болно. Жишээ нь, Есөнтөмөр хааны буулгасан лам хуврагийг аливаа татвар болон албанаас чөлөөлөх 1324 оны зарлиг бол угтаа анх Богд Чингис хааны буулгасан зарлигийн үг бөгөөд ийм зарлигийг хүлээн авсан сүм хийд бүр гаднаа пайлуур чулуун дээр сийлж босгодог байжээ.


Төвөдийн Өөртөө засах орны архивын сан хөмрөг нь Далай ламын Потала сүмд байсан Төвөдийн Засгийн газрын архив болон олон арван сүм хийдийн данс бичгээс бүрддэг бөгөөд тоо хэмжээ болон түүх соёл, судалгааны ач холбогдлын хувьд үнэлж баршгүй аж. 






Холбоотой мэдээ