БАЯН-ӨЛГИЙ: Улаанбаатар хотоос ирсэн ажлын баг цэцэрлэгүүдэд зөвлөн тусалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-17 11:32:07

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газрын хамтарсан ажлын баг энэ сарын 11-ний өдрөөс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.


Ажлын баг сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагуудын менежмент, сургалт, үйл ажиллагаанд зөвлөн туслах, тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцах зорилгоор Дэлүүн, Цагааннуур, Цэнгэл, Улаанхус, Буянт суманд ажиллалаа. Мөн аймгийн төвийн цэцэрлэгүүдийн сургалт, үйл ажиллагаатай нь танилцаж зөвлөн ажиллаж байна. 

 

Ажлын баг энэ сарын 16-ны өдөр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн эрхлэгчдийг хамруулан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, алдаа оноог нь дүгнэж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж өгөв. Үүнд:


- Тус аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хүчин чармайлт гаргасны үр дүнд 5 настай нийт хүүхдийн хамрагдалт 97.1 хувь, 2-5 настай хүүхдийн хамрагдалт 84.5 хувьд хүрсэн. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилийнхээс 10.1 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд цаашид зорилтот бүлгийн хүүхдийн хамрагдалтыг улам нэмэгдүүлэх;

- Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчдийн удирдах ажлын эв дүй, ур чадварыг хөгжүүлэх;

- Бодлогын баримт бичгүүдийг сайн судлах, хэрэгжилтийг нэгжийн түвшинд ханган ажиллах;

- Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, орчны стандартын хэрэгжилтийг хангахад анхаарах;

- Статистик, тооцоо судалгаатай ажиллах, дүн шинжилгээ хийх, ажлаа төлөвлөхдөө тооцоо судалгаанд үндэслэх;

- Багшийн арга зүй, сургалтын идэвхтэй арга зүй эзэмших, хөгжүүлэх хэрэгцээг хангах;

- Багш нарын монгол хэлний мэдлэг, чадвар, хэрэглээнд анхаарах;

- Ялгаатай хэрэгцээтэй сурагчидтай ажиллах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх;

- Арга зүйч, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх /аймаг дотроо, Увс, Ховд зэрэг хөрш зэргэлдээ аймгуудтай  солилцоо хийх/ зэрэг чиглэлүүдийг өгөөд байна.


Хамтарсан ажлын баг Баян-Өлгий аймагт энэ сарын 19-ний өдрийг хүртэл ажиллана.

Холбоотой мэдээ