НҮБ-ын Хүүхдийн сангийнхан “Хүүхэд бүрд цэнхэр тэнгэр” бэлэглэхийг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-20 12:51:49

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн хүүхдийн эрхийн өдөр. Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсан 1989 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийг Дэлхийн хүүхдийн эрхийн өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг билээ.


Энэ бол дэлхий даяар эв нэгдлийг сурталчлах, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг ойлгож ухамсарлах, бүх хүүхдийн сайн сайханд хувь нэмэр оруулахад онцгойлон анхаарах өдөр. Хүүхэд бүр төрсөн цагаасаа эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой. Энэ бол дэлхийн хүүхэд багачууд болон тэдний гэр бүлийн сайн сайхан амьдралыг баталгаажуулсан олон улсын хүний эрхийн баримт бичиг болох Хүүхдийн эрхийн тухай Конвенцын үндсэн зарчим юм. 2017 эхлэн Дэлхийн хүүхдийн өдөр болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Хүүхдийн сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ. Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө “За” гэж хэлэх өдөр юм. Энэ өдөр дэлхийн улс орнууд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөдөг. Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангаас эл өдрийг тэмдэглэх хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж.  Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна.


Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт тав дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг зургаа дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна. Түүгээр ч зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байгаа юм. Тиймээс агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас Дэлхийн хүүхдийн өдөр онцолжээ.


Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сангийнхан “Хүүхэд бүрд цэнхэр тэнгэр” уриан дор агаарын бохирдлын асуудалтай давхар тэмцэх шийдлийг НҮБ-ын Хүүхдийн сан санал болгож байна. Энэ хүрээнд өнгөрсөн бямба гарагт “Fundraising Gala 2023” эвент зохион байгуулав. Тус эвентэд Монголын улс төр, бизнес, урлаг соёл, спортын олны танил эрхмүүд оролцсон бөгөөд нээлттэй дуудлага худалдаа болон бусад төрлөөр хандив босгосон юм. Цугласан хандивыг нүүрсгүй шийдэл-монгол гэрт зориулсан дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц төсөлд зарцуулах аж. Чип багц нь нүүрсээр галладаг уламжлалт зуухыг халж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, агаар сэлгэлтийн систем болон ус, салхины хамгаалалттай нэмэлт бүрээсээр гэрийг дулаалуулснаар эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, дулаан, тухтай орчинд амьдрах нөхцлөөр хангаж, гэрийн дотор орчны агаарын чанарыг сайжруулах зорилготой юм байна. Жил бүр дунджаар 300 орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барж байгаагийн ихэнх нь хүүхэд байгаа юм.


Энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан ярихдаа “Монголд Дэлхийн хүүхдийн өдрийг хоёр жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн. Бид НҮБ-ын Хүүхдийн сангаас бүтээсэн агаарын бохирдлын эсрэг “Чип” багц гэдэг бүтээгдэхүүн хийлээ. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнд зориулсан тодорхой хэмжээний хандив цуглуулж байна. Энэ багц маань дотоод орчны агаарын бохирдлыг маш сайн сэлгэх зориулалттай. Товчхондоо хандиваас цугласан бүх орлогыг дээрх төсөлд зарцуулна. Энэ өдрийг дэлхий дахинд маш өргөн тэмдэглэдэг. Парад зохион байгуулах, концерт тоглох, байгууллагууд гэрлээ цэнхэр өнгөөр гэрэлтүүлэх гэх мэт өдөрлөг болдог” гэв.


НҮБ-ын Хүүхдийн сангаас хандивын эвентийг анх удаа зохион байгуулж байгааг Мэдээлэл, харилцааны ахлах мэргэжилтэн Д.Ариунзаяа онцоллоо. Тэрбээр ярихдаа “Хүүхдийн эрхийн хангах, хамгаалах тал дээр төрийн болон хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо өргөх болжээ. Урлаг соёл болон шашны зүтгэлтнүүд бидэнд өөрсдийн бүтээлээ хандивласан. Тэрхүү бүтээлийг нь дуудлага худалдаанд оруулж, хандив босгох зорилготой.” хэмээн ярив.


Агаарын бохирдлоос хүүхдүүдээ хамгаалах олон шийдэл байгаа бөгөөд нэгийг нь ч гэсэн шийдэх, бодих ажил болгохыг Хүүхдийн сангийнхан уриалж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, энэ жил Соёлын яамтай хамтран “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Зайсан хилл” цогцолборт өнөөдөро “Хүүхдийн ертөнц-Бүтээлч орон зай” өдөрлөг зохион байгуулж байна. Энэ хүрээнд хүүхэд багачууд өөрийн гараараа урлах, бүтээх, суралцах боломжтой соёлын хөтөлбөрүүд, хүүхэлдэйн театрын жүжиг, урлагийн тоглолт болох аж. 











Холбоотой мэдээ