Азийн авто замын сүлжээгээр тээвэр хийхэд гарч буй хүндрэлийг шийдэхэд дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-30 16:31:15

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Минь Жуань-г хүлээн авч уулзан хоёр улсын тээврийн салбарын харилцааны талаар санал солилцлоо.


Сайд С.Бямбацогт, хоёр улс сайн хөршийн ёсоор хөгжлийн бодлого, төлөвлөлтөө зөвшилцөж, хамтдаа хөгжих, хожих зарчмыг үндэс болгон харилцаж ирснийг тодотгоод, цаашид хоёр орны тээврийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, олон ажлыг хамтран хэрэгжүүлнэ. Монгол талын тээврийн хүчин чадлыг нэмэх, шинэ боомт нээх саналыг БНХАУ дэмжиж байгаад талархал илэрхийлэв.


Тэрбээр, хэд хэдэн асуудалд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ. Тухайлбал, Монгол-БНХАУ-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Азийн авто замын сүлжээгээр тээвэр хийхэд гарч буй хүндрэлийг шийдэхэд дэмжих, Олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын шинэчилсэн хэлэлцээрийг хэрэгжүүлж, хоёр улсын тээвэрлэгч нар Монгол Улс, БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх, гуравдагч улс руу, эсвэл гуравдагч улсаас тээвэр хийх боломж бүрдсэн. Энэ хэлэлцээрийг 2024 оноос хэрэгжүүлэх, харилцан тохиролцох хүсэлтийг БНХАУ-ын Зам тээврийн сайд Ли Шяопэнд хүргүүлсэн. Иймд шинэчилсэн хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх, хүнсний болон мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрүүлэхэд анхаарч, дэмжихийг хүслээ.


Түүнчлэн, Монгол Улсын Ховд аймгийн Булган хилийн боомтоор суудлын машин зорчуулах талаар хамтран ажиллах, 1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулахыг түргэтгэх, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын хүчин чадлыг нэмэх, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд хоёр тал хүчин чармайлт гаргахаар болжээ.


Мөн БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан тээвэрлэх, Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх, Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг тус улсын Ляньюнган, Жинжоу боомтоор дамжуулан тээвэрлэх, Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын хаалганы тоог нэмэх талаар санал солилцоод, уулзалтын дүнд цаашид дээрх чиглэлд бодит үр дүн гаргаж, хамтран ажиллахаар тохиролцсоныг ЗТХЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ