“Хархорум” кино наадамд есөн орны 14 кино өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг энэ сарын 7-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм. Мөн наадмыг жил бүр Монголын нэг шинэ бүтээлээр нээнэ. Наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэх юм. Энэхүү кино наадмыг дэлхий даяар хүний эрхийг дээдэлж, аливаа ялгаварлалаас ангид бүх талаар тэгш эрхтэй байхыг баталгаажуулсан Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдсаны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Хүний эрх 75” сэдвийн дор зохион байгуулах аж.
Наадмын үеэр олон улсын томоон кино наадмуудаас шагналт хүртсэн 15 орны 22 шилдэг киног үзүүлэхээр бэлджээ. Дээрх кинонууд энэ сарын 7-ноос эхлэн 12-ныг дуустал Шангрила дахь “Өргөө” кино театрын салбарт үнэ төлбөргүй үзүүлэх юм байна. Харин уралдаант хэсэгт есөн орны 14 кино өрсөлдөж байна. Үүнд, Венец, Бусан, Берлин, Токиогийн кино наадмын шагналт тэр дундаа Оскарын шагналт найруулагчын шилдэг уран бүтээл багтаж байгаа аж. Манай улсаас найруулагч Д.Галбаярын "Эмэгтэйн кейс", Д.Баттөмөрийн "Трио" зэрэг дөрвөн кино өрсөлдөнө.
2024 оноос тус наадмыг жил бүрийн арваннэгдүгээр сард тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулна. Наадамд сүүлийн хоёр жилийн хугацаанд бүтээсэн уран сайхны кино, мөн сүүлийн гурван жилд бүтээсэн баримтат киног оролцуулах аж. Үүнээс гадна тухайн сэдвийн шилдэг агуулгатай киног шалгаруулж шагнах юм байна. Энэ жил зохион байгуулж буй анхдугаар наадмын тусгай шагналыг хүний эрхийн агуулга бүхий шилдэг уран бүтээлд гардуулах юм.