Д.Рэгдэл: Шинжлэх ухаан технологийн төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-12-04 17:05:29

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. БШУЯ, Шинжлэх ухаан технологийн сангаас 2023 оны Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан "Шинжлэх ухаан-Оролцоо" чуулганыг энэ сарын 4-нд зохион байгууллаа.


Тус чуулганаар олон улсын шинжлэх ухааны салбарт “Science Engagement” буюу “Шинжлэх ухааны оролцоо”-г чухалчилж, нэг салбарын бус олон салбар, салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг хэрэгжүүлж буй энэ үед Монгол Улсын шинжлэх ухаан дахь оролцоог хангах төлөөллүүд шийдлээ хэлэлцэв. Тэд энэхүү чуулганаар

- Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдлын тухай

-Монголд болон дэлхийн хэмжээнд хөгжиж буй шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, нээлт, ололт амжилт, шинэ чиг хандлагын талаар

- Хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлт, хамтын ажиллагаа, венчур хөрөнгө оруулалт, гарааны бизнесийн хөгжил, тулгарч буй асуудал, шийдэл

-“Залуу эрдэмтэн судлаачдын судалгаанд суурилсан шийдэл, инновац, ололт амжилт гэсэн агуулгын хүрээнд илтгэл танилцуулав.


Энэ үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ, “Монгол Улсын хувьд улсын хөгжлөө шинжлэх ухааныхаа хөгжилтэй 1950-1990 онд уяж явсан. Энэхүү 40 жилд аж үйлдвэр, аж ахуйн салбар болон шинжлэх ухааны хөгжлийг холбож байсан. Тухайлбал, махны үйлдвэр байгуулахад махны үйлдвэрийн малаа эхэлж гаргаж явсан. Газар тариалан эзэмших атрын аян болоход хөрсөнд суулгадаг үр тарианыхаа сортыг бий болгож эхэлсэн. 1990-ээд оноос төвлөрсөн төлөвлөгөөт социалист эдийн засгаас зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжихэд өмчөөс эхлээд оюуны бүтээл, хүний нөөц нэлээд алдагдсан. Төрийн бодлого, дэмжлэг үгүй болсон. Түүнээс илүү хохирсон хэсэг нь улсын хөгжлийн бодлогыг шинжлэх ухааны бодлоготой уялдуулж яваагүй, тус тусад нь явуулсан. Харин 30 гаруй жилийн дараа учраа олж байна. Монгол Улс одоо шинжлэх ухаан технологийн төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх ажилдаа орох ёстой. Төрийн нэгдсэн бодлогыг боловсруулахад бизнес, эрх зүй, шинжлэх ухаан, төр, иргэний нийгмийн байгууллага гээд оролцогч бүх тал бодлого гаргавал амьдрах чадвартай бодитой бодлого болно. 2024 онд нэгдсэн бодлогоо боловсруулахад төвлөрч ажиллах нь зүйтэй. Мөн шинжлэх ухаанд нэгэнт бий болсон мэдлэг, технологи, үр дүнг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг арга эвээ олох хэрэгтэй” гэв.


Түүнчлэн чуулганы  үеэр 2023 оны Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн шагнал, “Хүрэлтогоот 2023” шилдэг залуу судлаачдад шагнал гардуулав. Мөн ШУА-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон зургаан их дээд сургуулийн 2023 оны инновацын онцлох бүтээгдэхүүнүүдийг дэлгэн танилцууллаа.


Шинжлэх ухааны оролцоо, инновац, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой тус чуулганд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллага болон шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.








Холбоотой мэдээ