УГТЭ Солонгосын хүүхдийн зүрхний шилдэг мэс засалчтай хамтран найман хүүхдэд мэс засал хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-05 12:07:53

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн  Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг өнгөрсөн сарын 27-ноос эхлэн долоо хоногийн хугацаанд хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ.


Тус эмнэлэг 2013 оноос эхлэн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монголд хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа аж.  


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд халдварт эндокардитаар хүндэрсэн гол судасны хавхлагын төрөлхийн хоёр хавтастай, хүнд зэргийн нарийсал, дутагдалтай хүүхэд болон гол судасны уруудах хэсгийн хүнд зэргийн нарийсал, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушгины артерийн хавхлагын гажиг зэрэг оноштой гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд өндөр түвшний ур чадвар шаардсан мэс засал эмчилгээг хийсэн байна.  


Энэ удаа гол судасны цагирагийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих Бо-Яанг мэс заслын тохиолдлыг Монголд анх удаа хийв. Мэс засал хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эхнээсээ эмнэлгээс гарч байна.


Холбоотой мэдээ