“Союз” сургууль Орос, Германы диплом олгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-25 19:21:41

Дархан-Уул аймаг дахь Орос-Герман хэлний сургалттай “Союз” олон улсын сургуулийн захирал  н.Батсүхтэй ярилцлаа.

Тус сургууль 2003 онд анх байгуулагдсан цагаасаа эхэлж Орос хэл дээр суурилж Герман, Англи хэлийг гүнзгийрүүлэн үзэж нэг хүүхэд үндсэндээ дөрвөн хэлийг судалж байгаа ажээ. Өнгөрсөн хугацаанд ОХУ, ХБНГУ, Австри, Швейцари зэрэг улс орнуудтай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд төгсөгчид Орос, Германы диплом авдаг байна.

-Сургалтын материаллаг бааз чинь яаж бэхжсэн бэ?

-Сургуулийн маань материаллаг бааз нэлээд сайн бэхжсэн гэж үздэг. Бид аймгийнхаа хувийн сургуулиудаас онцлог нь гэвэл өөрийн гэсэн хичээлийн байртай, хүүхдээ хөгжүүлэх талбайтай. Сургуульд маань цэцэрлэгийн ахлах бүлгээс эхлээд 12 дугаар ангиа төгсөх хүртлээ суралцдаг. Мөн ОХУ, ХБНГУ-ын хөрөнгө оруулалттай гэдгээрээ тэдгээр улсуудын ном сурах бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Багш боловсон хүчний хувьд гэвэл бүрэн хангагдсан,  Орос, Буриад багш нар уригдаж ажиллаж байна. Тэдний ихэнх нь Москва, Новосибирьск, Иркутск, Улаан-Үд зэрэг хотуудаас ирсэн багш нар. ХБНГУ-аас ч мөн нэгэн адил багш нар ирж хүүхдүүдэд Герман хэл заадаг. Мөн тус улсын Засгийн газрын дэргэдэх Гадаад яамны “Ерөнхий боловсрол-Ирээдүйн түнш” нэртэй төсөл манайд хэрэгждэг. Энэ төслийн хүрээнд Германы соёлын байгууллагаас манайд сайн дурын ажилтнуудаа илгээдэг онцлогтой.

-Ажиллагсдын нийгмийн асуудалд хэр анхаардаг вэ? Цаашид өргөжиж хөгжих талаар юу төлөвлөсөн бэ?

-Бид багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг байнга анхаардаг. Тухайлбал өөрийнхөө боломж нөхцлийнхээ хүрээнд үдийн цайнд үнэгүй ордог бол манай сургуулийн багш нарын хүүхдүүд ямар ч үнэ төлбөргүй суралцдаг. Үүгээр бид багш нарынхаа хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа гэж үздэг дээ. Цаашдаа бид багш нараа гадаадад мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна. Бид ХБНГУ-д багш нараа хоёр жил тутамд нэг удаа сургалтад хамруулж байгаа бол ОХУ-д нэг багшийг явуулах гэж байгаа. Бид цаашид сургуулиа бүсийн хэмжээнд гадаад хэлний сургалт явуулдаг болгон өргөжүүлэх зорилт тавиад ажиллаж байна гэв.

        Б.Норовсамбуу 

Холбоотой мэдээ