ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо Шинэ Делид хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
odondarjaa@montsame.gov.mn
2024-01-10 12:12:23

ШИНЭ ДЕЛИ, 2024 оны нэгдүгээр сарын 10 /TASS/. Энэтхэг улс түүхэндээ анх удаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлыг даргалахаар боллоо. Тус хорооны 46 дугаар чуулганыг энэ оны долоодугаар сарын 21-31-ний өдрүүдэд Шинэ Дели хотноо зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Энэ тухай Энэтхэг улсаас ЮНЕСКО-д суугаа Байнгын төлөөлөгч Вишал Шарма X (хуучнаар Твиттер) сүлжээгээр мэдээлсэн байна.


Дэлхийн өвийн хороо бол 1972 оны Соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ЮНЕСКО-гийн төрөлжсөн хороо юм. Тус хороо нь дэлхийн өвийн жагсаалтад объектуудыг оруулах, хасах онцгой эрхтэй бөгөөд Дэлхийн өвийн сангийн хөрөнгийг ашиглах талаар шийдвэр гаргаж, Конвенцод оролцогч улсуудын хүсэлтийн дагуу санхүүгийн тусламжийг хуваарилдаг.


Тус хороо жил тутмын ээлжит хурлаараа Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхээр нэр дэвшсэн шинэ объектуудыг хэлэлцэж шийдвэр гаргадаг бөгөөд сүүлчийн хурал нь 2023 онд Эр-Рияд хотноо болжээ.

Холбоотой мэдээ