Сэлэнгэ аймагт үр тарианы хураалт 29.3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-27 13:15:39

Монгол орны хойд хязгаар, газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутагт намрын ургац хураалтын ажил энэ жилийн хувьд удаашралтай байна.

Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалтаар Мандал сум 52.4 хувь, Ерөө сум 50.4 хувь Баянгол сум 43.9 хувьтайгаар ургац хураалтыг тэргүүлж байна. Харин ургацын цөм массыг бүрдүүлдэг Цагааннуур сум 26.2 хувьтай байгаа аж. Ургац хураалтанд одоогийн байдлаар гарсан ямар нэг хүндрэл бэрхшээл байхгүй боловч, ойрын өдрүүдэд орох хур тунадас нь ургац хураалтыг бага зэрэг хугацаагаар хойшлуулах төлөвтэйг анхаарууллаа.

Сэлэнгэ аймаг энэ жил нийтдээ 176.6 мян.га талбайд тариалалт хийснээс 141.5 мян.га-д улаанбуудай, 1496 га арвай, 3254 га овъёос, 1047 га гурвалжин будаа, 5438 га тэжээлийн ургамал, 23791 га тосны ургамал, 3268 мянган га төмс, 2452 мянган га талбайд хүнсний ногоо,  8.2 га-д жимс жимсгэнэ тариалсан байна. Үүнийхээ 7.3 га-д чацаргана, 0.9 га-д үхрийн нүд, тариалжээ. Өнөөдрийн байдлаар улаанбуудай 41447 мян.га талбайг хураагаад байгаа бөгөөд нэгж га-гаас 17.1 цн-ийг хураан авчээ.

Мөн арвай 520 га-гаас 14.2 цн, овьёос 75 га-гаас 12 цн,  тэжээлийн ургамал 471 га-гаас 44.8 цн,  тосны ургамал 3330 га-гаас 6.6 цн хураагаад байна. Харин хүнсний ногооны хувьд төмс 1523 га-гаас 124 цн,  хүнсний ногоо 1383.2 га-гаас 123 цн тус тус хураагаад байна. Энэ нь үр тариа 29.3 хувь, хүнсний ногоо 56.4 хувьтай явагдаж байгаа ажээ.

 Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ