БАЯН-ӨЛГИЙ: Н.Самат: Монгол шиг үндэстний цөөнхөө харж үздэг, санаа тавьдаг улс маш цөөхөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-01-12 15:55:44

Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр маргааш буюу энэ сарын 13-ны өдөр тохионо. Тухайн тэмдэглэлт өдрийг угтан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Н.Саматтай ярилцлаа.


- Юуны түрүүнд танд Үндсэн хуулийн өдрийн мэндийг хүргэе.

 

Баярлалаа! Монголын нийт ард түмэнд баярын мэнд дэвшүүлье.

 

- Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад Баян-Өлгий аймгийн ард иргэдийг төлөөлж аль сумаас хэн хэн оролцож байв?

 

- Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар тус аймгийн Алтай сумаас Ажханы Болат, Алтанцөгц сумаас Огнооны Цэрэв, Баяннуур сумаас Күнтуганы Мизамхан, Буянт сумаас Ядамын Хүрлээ, Булган сумаас Жумабайн Жүнис, Бугат сумаас Жапарханы Сейтмурат, Дэлүүнээс Сейтханы Исхан, Сагсайгаас Баглатын Зарыкхан, Толбо сумаас Утханы Маулит, Улаанхус сумаас Асханбайн Сарай, Цэнгэл сумаас Хылышийн Хузкей, Цагааннуураас Халийн Алип нар депутатаар сонгогдсон. Өлгий сумын 84, 85, 86 дугаар тойргоос Насырын Самат,  Кадырын Сайран, Сартхожагийн Харжаубай нар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, тус аймгийг төлөөлөн нийтдээ 15 хүн шинэ Үндсэн хуулийг батлах үйл ажиллагаанд оролцож байв. Харин Ногооннуур сум сонгуулийн маргааны улмаас Үндсэн хууль батлахад төлөөлөгчөө оролцуулж чадаагүй Монголын ганц сум болсон. Эдгээр 15 хүн Үндсэн хулийг батлах бүх үйл ажиллагаанд бүгд идэвхтэй оролцсон. Тухайн үеийн АИХ-аас МАХН-аас А.Болат, Монголын Ардчилсан намаас миний бие Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдсон. Мөн Х.Зардыхан гуай Улсын Бага хурлын орлогч даргаар сонгогдон ажиллаж байлаа.  

 

- Үндсэн хууль батлах түүхэн үйл явдалд манай аймгаас оролцсон АИХ-ын депутатуудаас одоо хэд нь амьд сэрүүн амьдарч байгаа вэ?

 

- Аймгийн төвд Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан Х.Алип гуай, Гавьяат малын эмч Ж.Сейтмурат, тэгээд миний бие байгаа. Харин Я.Хүрлээ болон К.Сайран гуай Улаанбаатар хотод амьдарч байна. Б.Зарыкхан, С.Харжаубай нар Казахстан Улсад аж төрж байгаа.  

-Баян-Өлгий аймгаас сонгогдсон АИХ-ын депутатууд тухайн үед Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх явцад ямар санал дэвшүүлж байв. Тэдгээрээс ямар санал нь дэмжлэг авсан бэ?

 

-Уг асуудлаар миний бие ном бичсэн байгаа. Тухайн үед АИХ-ын депутатаар нийгмийн сор болсон эрдэмтэн мэргэд, харьяа тойрогтоо танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс сонгогддог байсан. Баян-Өлгий аймгаас сонгогдсон АИХ-ын депутатууд Үндсэн хуулийн төсөл дэх төрийн байгуулал, газар, өмч, хүний эрх, эрх чөлөө гээд асуудал болгонд идэвхтэй оролцож, байр сууриа илэрхийлсэн байгаа. Эдгээрийн дотроос үндэстний цөөнхийн асуудлыг онцгойлон хөндөж, бусад депутатад ойлгуулж байж Үндсэн хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж тусгаж өгсөн нь Монгол Улсад аж төрж байгаа хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн цаашдын хувь заяанд маш эерэг нөлөө үзүүлсэн чухал заалт болсон гэж үздэг. Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсад үндэстний цөөнхийн өөрийнхөө эх хэлээрээ харилцах, суралцах эрхийг шинэ Үндсэн хууль баталгаажуулж өгсөн. Саяхан УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулахдаа үндэстний цөөнхөд гэж тусдаа тойрог байгуулж өгч байгааг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Учир нь дэлхийд үндэстний цөөнхөө Монгол шиг харж үздэг, санаа тавьдаг улс маш цөөхөн.  

 

-Та бүхний баталсан Үндсэн хууль гол үзэл санаа, зарчмынхаа дагуу хэрэгжиж байна уу?

 

-Шинэ Үндсэн хууль бол тухайн үеийн дэлхийн чиг хандлага, ардчиллын тулгуур зарчим, онолыг тусгаж хийсэн, тал талаасаа хэлэлцэж байж баталсан, агуулга, үзэл санаа нь маш сайн хууль болсон. Гэхдээ Үндсэн хуулийг баталснаас хойших хугацаанд түүний зүйл заалт бүрийг сайтар ойлгож, хэрэгжүүлэх асуудалд дутуу хандсан зүйл бий. Тухайлбал, Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан ч иргэдийн элчээ болгож төрд илгээсэн төлөөлөгчид нь тэдний хүссэн түвшинд ажиллаж чадахгүй байна. Мөн эрх мэдлийн хуваарилалт хийхдээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж тус тусдаа байхаар Үндсэн хуульд тусгасан. Гэтэл одоо хууль тогтоох байгууллага болох УИХ нь гүйцэтгэх засаглалтай холилдож, Засгийн газарт тавих хяналт суларсан асуудал байгаа.

 

-Энэ жил ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ой тохиож байна. Эргэж харахад тухайн үед Үндсэн хуульдаа ийм заалт оруулж батлах байсан юм байна гэсэн бодол төрдөг үү. Таны байр суурийг сонсмоор байна?

 

-Ганц заалт оруулах байсан юм байна гэж харамсдаг юм. Учир нь бид УИХ-ыг хариуцлагын тогтолцоогүй болгосон. 1990 онд батлагдсан “БНМАУ-ын Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль”-д заасан шиг парламентыг 2 танхимтай болгож, бүх сумдаас сонгогдсон 440 депутат гэдэг шиг хууль тогтоох байгууллагыг бүх ард түмний төлөөллийн дотроос нь сонгож, жил болгон ажлын үр дүнг хэлэлцдэг болговол зүгээр байсан болов уу гэж боддог юм.

 

- Ярилцлага өгсөнд баярлалаа. 

Холбоотой мэдээ