АРХАНГАЙ: Хаагдсан зам давааг нээж, сумдад өвс, тэжээл хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-02-21 15:26:40

Эрдэнэбулган, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монголын нийт нутгаар зудын гамшиг тохиож улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хүрээнд сумдад өвс тэжээл хүргэж, хаагдсан зам давааг гаргахаар аймгийн Онцгой комиссоос сумдын Онцгой комисстой цахим хурал хийлээ.


Улсын нөөцөөс 274 тн тэжээлийг гаргаж, сумдад хуваарилахаар болсон бөгөөд энэ сарын 24-26-ны хооронд улсын болон аймгийн Онцгой комиссын хамтарсан ажлын баг сумдад ажиллана.


Сум хооронд болон аймгийн хэмжээнд зам, даваа хаагдсантай холбогдуулан УОК-оос туулах чадвар сайтай гурван автомашиныг сумдад ажиллуулахаар болсон. Зам гаргах ажлыг Өгийнуур-Хашаат-Хотонт, Жаргалант-Цэцэрлэг, Эрдэнэмандал-Хайрхан гэсэн гурван чиглэлд эхний ээлжинд явуулахаар боллоо.


Хурлын төгсгөлд аймгийн Онцгой комиссын дарга Б.Цэрэннадмид сумдын Онцгой комисст:

-Сумын Шуурхай штабын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, хариуцлагатай ажиллах,

-Гамшгийн үед отор нүүдлээр яваа иргэдийн мэдээлэл, эрүүл мэндийн судалгаа болон хорогдсон малын тоон мэдээллийг үнэн бодитой дамжуулах,

-УОК-оос хуваарилсан өвс тэжээлийг малчдад хуваарилах,

-Сумын нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад хуваарилах,

-Зам гаргах автомашин сумдад ажиллахтай холбогдуулан алслагдсан болон цасанд боогдсон айл өрхийн судалгааг гаргах,

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх айл өрх, иргэдийн тоон судалгааг гаргах,

-Өгийнуур суманд малын гоц халдварт өвчин гарч, хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоосон тул тус суманд отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх,

-Дулаарах үед иргэдийн шилжилт хөдөлгөөн ихсэхэд халдварт өвчний тархалт нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зэрэг үүрэг даалгавар өглөө.

Холбоотой мэдээ