Өмнөд Солонгосын их сургуулиудад анагаахын сургуулийн элсэлтийн квотыг хуваарилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ, 2024 оны
хоёрдугаар сарын 26 /Yonhap/. Өмнөд Солонгосын Засгийн газраас бий болгохоор шийдсэн анагаахын
сургуулийн элсэлтийн 2000 нэмэлт квотыг
ирэх сарын сүүл гэхэд их дээд сургуулиудад хуваарилна гэж Боловсролын яам өнөөдөр мэдэгджээ.
Дадлагажигч, резидент эмч нарын ажил хаялт долоо дахь өдрөө үргэлжилж, эмнэлгийн ачаалал өдөр ирэх тусам нэмэгдэж
байгаа хэдий ч Засгийн газар байр сууриасаа ухрах бодолгүй байгааг дээрх мэдэгдэл харуулж байна.
Засгийн газар элсэлтийн
квотыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг эмч нарын хомсдол, ялангуяа хөдөө орон
нутаг, эрсдэл ихтэй эрүүл мэндийн салбаруудад үүсээд буй хомсдолыг арилгахад шаардлагатай хамгийн бага түвшин гэж
үзэж байна. Харин эмч нарын үзэж байгаагаар, энэ нь анагаах ухааны боловсрол, үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, эмч нар илүүдэхэд хүргэнэ гэсэн байр суурьтай байна.
Даваа гарагт Боловсролын яамны өндөр албан тушаалтан Пак Сон Мин хэлэхдээ, яамнаас их сургууль тус бүрд шаардлагатай анагаахын сургуулийн элсэлтийн квотыг хуваарилахаас өмнө хүсэлтийг нь хүлээн авна гээд, бид энэ ажлыг гуравдугаар сарын сүүлч гэхэд дуусгахыг зорьж байна гэжээ.
Эмч нарын эсэргүүцэл үргэлжилсээр байгаа тул улс даяарх анагаахын их сургуулийн удирдлагууд элсэлтийн квотыг
нэмэгдүүлэх төлөвлөгөөний талаар нэгдсэн
зөвшилцөлд хүрэх хүртэл түр
хойшлуулахыг засгийн газраас хүсэх бололтой. Гэвч Засгийн газар элсэлтийн квотыг 2000-аар нэмэгдүүлэх шийдвэрийг хатуу баримталсаар байна. “Бидэнд энэхүү шийдвэрийг өөрчлөх бодол алга” гэж Пак Сон Мин хэлжээ.
Боловсролын яамны мэдээлснээр, ням гаргийн байдлаар орон даяар засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн анагаахын сургуулиудын 12 мянга гаруй оюутан чөлөө авах хүсэлт гаргасан байна. Өнөө өглөө Эрүүл мэндийн яамнаас анхааруулга өгч, дадлагажигч эмч нар ажилдаа ойрын хугацаанд орохгүй бол ирэх сараас эхлэн зөвшөөрлийг нь түдгэлзүүлж эхэлнэ гэдгийг мэдэгджээ. Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргасан дадлагажигч эмч нарын тоо 10 мянгаас даваад байна.