ХОВД: "Мазаалай" брэндийн сүү, сүүн бүтээгдэхүүн борлуулалт сайтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Т.Отгонхишиг "Мазаалай" брэндийг үүсгэн байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг амжилттай өрнүүлж байна.
Тэрбээр боловсролын салбарт 20
гаруй жил ажилласан бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй,
чанаргүй бүтээгдэхүүнийг сүү, цагаан идээгээр хийсэн эко бүтээгдэхүүн болгон
өөрчлөх зорилт дэвшүүлж, 2019 онд өрхийн үйлдвэрлэлийг эхэлжээ.
Улмаар сүүлийн гурван жил гаруй хугацаанд тасралтгүй ажиллаж, сүү, цагаан идээг уламжлалт аргаар боловсруулан 18-20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна. Үүний дотор олон өнгийн ааруул, шинэ өрөм, тараг, шимийн архи гэх мэт бүтээгдэхүүнүүд бий.
Т.Отгонхишиг анх нөхөр, гурван охинтойгоо хамтран ажиллаж байсан бол одоо сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэж, хэрэглэгчдийн тоо өссөнтэй холбогдуулан мэргэшсэн дөрвөн ажилтантай болжээ. Өөрөөр хэлбэл, энэ жил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраар дамжуулан ажлын байр зарлаж, дөрвөн хүнийг ажилд авсан байна.
Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хүмүүст таниулахад ихээхэн анхаарч, цахим хуудсаар дамжуулан сурталчилгаа хийж байгаа ба цар тахлын үед сүү, цагаан идээний хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлжээ.
Одоо 2-3 сургууль, цэцэрлэгт сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мөн олон төрлийн бэлгийн багц гаргаж, Ховд аймгийн ИТХ, ЗДТГ гэх мэт төрийн байгууллагад нийлүүлж, зарим гадаад, дотоодын зочид, төлөөлөгчдөд орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барьж байна.
Түүнчлэн олон улсын байгууллага, төсөл,
хөтөлбөр болон зарим төрийн байгууллагад хүсэлт өгч, санхүүжилт, тоног
төхөөрөмжийн дэмжлэг авах зэргээр бизнесийн үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд
өргөжиж байгаа аж.
"Сүү, сүүн бүтээгдэхүүний
хэрэглээг дотоодоос бүрэн хангадаг жишиг болохуйц ажлыг өрнүүлэх, малчдад өрхийн
орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдүүлэх үүднээс сум тус бүрд малчин эмэгтэйчүүдтэй
холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг чухалчилж байна" гэж "Мазаалай"
брэндийг үүсгэн байгуулагч Т.Отгонхишиг хэллээ.