ХОВД: Р.Даваажав 50 гаруй жилийн хугацаанд хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-02 09:38:08

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/  Хөөмий бол Ховдын брэнд.


2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй. 


Соёлын биет бус өв болох хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулж яваа чадварлаг хөөмийчид Ховд аймагт олон бий.


Тэдний нэг болох Чандмань сумын иргэн, шилдэг өвлөн уламжлагч, нэрт хөөмийч Рэнцэний Даваажавын хөдөлмөр зүтгэлийг энэ жил төр засгаас үнэлж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнажээ.  

Р.Даваажав нь 50 гаруй жилийн турш хөөмийн өвийг ард түмний сэтгэл зүрхэнд хоногшуулж, олон улсад сурталчлан түгээн дэлгэрүүлэхэд манлайлан ажилласан юм. 

Тэрбээр Англи, Франц зэрэг гадаадын 13 орны 110 гаруй хот, тосгонд тоглолт хийж монгол хөөмийг сурталчилсан ба өдгөө 70 гаруй шавьтай. Үүний дотор хөөмийн урлагийг сонирхон, суралцсан гадаадын 10 гаруй иргэн бий. Мөн өөрийн хүү, ач хүүдээ хөөмийг өвлүүлж, хамтдаа өв соёлын уралдаанд оролцож байжээ.  

Малчин, хөөмийч Р.Даваажав гуай 1975 онд ХБНГУ-д болсон Монголын соёлын өдөрлөгт оролцоход хөөмийг хүн хөгжим гэж нэрлэн, дэлхийн олон улс орны хүмүүс шагшин магтаж байсан гэдэг. 

Тэрбээр өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирж, нутгийн иргэд, гэр бүл, найз нөхөд, шавь нарын төлөөлөл угтан авч, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулсанд нь баяр хүргэлээ.   

 

Холбоотой мэдээ