“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр дагуул хотын талаар ярилцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотой “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг энэ сарын 14-нд зохион байгуулна.
Форумын үеэр Улаанбаатар хот хөгжлийн загвараа яаж сонгох, боломж бололцоо, сул тал юунд байгаа болон давуу талаа бусад аймаг, бүстэйгээ хэрхэн хамтарч ашиглах талаар, нийслэлийн засаг захиргааны шинэчлэлийг хэлэлцэнэ.
Энэ оны долоодугаар сард болох “Монголын Эдийн засгийн форум 2024”-ын хүрээнд зохион байгуулж байгааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэв. Тэрбээр ярихдаа, “Зарим дүүрэг 5000 гаруй, зарим нь 400-500 мянган хүн амтай байна. Олон хүн амтай дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авахад удаан, хүнд суртал бий болдог. Иймээс засаг захиргааны нэгжийн хуваарилалт хотын нийгэм, эдийн засгийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэн, ямар байдлаар шинэчилвэл эдийн засаг, нийгэм, дэд бүтцийн сэргэлтэд нөлөөж болохыг ярилцана. Мөн “Шинэ Зуунмод” дагуул хотын төлөвлөлтийг ч хэлэлцэх юм. Дагуул хот бол ажлын байр, шинэ бизнесийн орчныг бий болгох давуу талтай. Дэд бүтцийн хомсдол нь эдийн засгийг боомилж буй гол хүчин зүйлийн нэг. Хотын захын бүсийг барилгажуулахад эрчим хүч, дулаан, гадаргын усны эх үүсвэрийн хомсдол үүсдгийг том зургаар нь харах юм. Мөн хүнсний аюулгүй байдал, хангамж, логистикийг шийдэхгүйгээр нийслэлийн хотын тогтвортой хөгжлийг ярих боломжгүй. Иймд дээрх сэдвээр олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачдын байр суурийг сонсож, хувийн хэвшлийн оролцоог нээж өгөх чухал шийдэл гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт холбогдох хуулийн төслүүдийг боловсруулж байгаа” гэлээ.
Форум нь нийгэмд
ойлголцол, зөвшилцлийг бий болгох, тодорхой шийдлийг тал түрээс нь хэлэлцэх зорилготой. Асуудлаа ил
гаргаж, тал бүрээс нь хэлэлцээд, боломжит шийдлээ
ярилцах эхний алхмыг хийнэ. Иймд бизнесийн болон олон нийтийн байгууллагыг тус
форумд оролцохыг “Монголын Эдийн
засгийн форум” НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг урьсан юм.
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумаар хэлэлцэх “Засаглал”,
“Дагуул хот”, “Дэд бүтэц, эдийн засгийн сэргэлт”, “Эрүүл аюулгүй орчин,
хүнсний хангамж” гэх дөрвөн сэдвээс гадна Улаанбаатар хотын 2040 он хүртэлх
хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулах аж.