Гурван өдөрт 26 мянган хүн музей үзжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-05 09:15:34

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Музейн нээлттэй өдрүүд орон даяар тав дахь өдрөө үргэлжилж байна.


Гурав дахь өдрийн дүнгээр 26 мянга гаруй иргэн музейд зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагджээ. Үүнээс 10,133 нь том хүн, 10,575 нь хүүхэд байгаа бол 107 тусгай хэрэгцээт иргэн, 1,963 оюутан, 1,196 ахмад настан музейд зочилж ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэнг үзэж, боловсролын хөтөлбөрт хамрагдсан байна. Харин 21 аймагт үнэгүй үйлчилж буй музейг нийт 6,544 хүн үзжээ. 


Музейн нээлттэй өдрүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн 35 музей, орон нутаг судлах 270 музейн 800 орчин ажилтан албан хаагчид иргэдэд үйлчилж байгаа юм. 

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үргэлжилнэ.





Холбоотой мэдээ