Олон улсын математикийн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-03-14 08:51:00

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Математикийн шинжлэх ухааны хамгийн чухал тогтмолуудын нэг “Пи” тооны өдөр өнөөдөр тохиож байна.


Пи тооны өдрийг дэлхий даяар жил бүрийн энэ өдөр буюу 3 дугаар сарын 14-нд (пи тооны эхний гурван орон болох 3.14-ийг төлөөлж) тэмдэглэдэг. 2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-гийн хурлаар энэхүү өдрийг "Олон Улсын Математикийн өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.


"Пи" тогтмол нь 3.14-тэй тэнцдэг учраас гуравдугаар сарын 14-нийг Пи өдөр хэмээн дэлхий нийтээр тэмдэглэх болжээ.

1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд Пи тооны өдрийг анх тэмдэглэжээ. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан байна.

Пи тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. Пи тоо нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотой хамгийн өргөн хэрэглэгддэг. Хамгийн энгийн хэрэглээ нь дунд сургуульд тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад Пи тоог ашигладаг. Математикийн түүхийн туршид Пи-г өндөр нарийвчлалтай тодорхойлох гэсэн оролдлогууд хийж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.


Пи тоо хэзээ ч дахин давтагддаггүй олон тоог өөртөө агуулдаг учир эдгээр тоо нэг талын эмх замбараатай боловч замбараагүй мэт онцлогийг агуулж, түүгээрээ ч нэг зүйл илэрхийлэх гэж буй мэт байдаг нь олны анхаарал татдаг аж.

Пи тооны өдрийг дэлхий дахинд математикчид ой санамжмийн чадвар шалгах оюун ухааны тэмцээн уралдаан зохион байгуулж, π тоог дүрсэлсэн бялуу идэж тэмдэглэдэг байна. Манай улсын хувьд 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэд Пи тооны өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилсан байна.


Хүн төрөлхтний Пи тооны тухай мэдэх хүсэл МЭӨ 1900 оноос  эхлэлтэй. Эртний Бабилиончууд пи тоог 3,125 гэж гаргасан байдаг бол Египетүүд 3,16 гэж бодож, хамгийн их ойртуулсан утгыг Архимед 3,1408-3,14285 гэж гаргаж байжээ.

1874 онд Виллиам Шанкс пи утгыг бодож 707 оронг олсон ч 527 дахь орноос түүний тооцоолол алдагдсан байна. 1945 онд Д.Ф Фергусон 620 дахь орон хүртэлх тооцооллыг гаргасан бол 1947 онд 710 дахь орон хүртэл бодож чаджээ. Тэгвэл 1999 онд Такакаши Канада пи тоог 206,158,430,000 дахь орон хүртэл бодож, 2011 онд Шингэрү Кондо 10 триллион хүртэлх орныг бодож гаргаж байжээ.


Пи тооны өдрийг тохиолдуулан энэ удаа МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн их семинарыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Семинарт Их Британийн Баттын их сургуулийн Математикийн тэнхимийн эрдэмтэн, судлаачид илтгэл тавих юм.

Холбоотой мэдээ