СЭЛЭНГЭ: Г.Цэнгэлзаяа: Манай аймгийн бэлтгэсэн тарьц, суулгац, тарьж ургуулсан мод, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, ургаж чадна

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-03-20 15:46:20

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяатай ярилцлаа.

 

-Юуны өмнө танд удахгүй болох дэлхийн ойн өдрийн мэндийг дэвшүүлье. 2024 оныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ойн жил, Сэлэнгэ аймаг “Аялал жуулчлалыг хөгжүүлэх-Ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ хүрээнд аймгийн БОАЖГ болон Ойн албанаас ямар ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ жилийн хүрээнд бид нэлээд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын 2.3 тэрбум төгрөгөөр ойн аж ахуйн арга хэмжээнүүдийг хийж хэрэгжүүлнэ. Тухайлбал усан дээр 1 тэрбум 600 саяыг төвлөрүүлээд, 560 сая төгрөгийг буцаагаад байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулна. Энд хөвд цөөрөм байгуулах, булаг шандын эхийг тохижуулах, байгаль хамгаалагчдыг 4 ээлжийн хувцсаар хангах ажлууд төлөвлөгдсөн байгаа.  


-Энэ онд тавьсан хамгийн гол зорилго тань юу вэ?

-Энэ жил ямар зорилго тавьсан бэ гэвэл ерөнхийдөө хомсдол, доройтолд орсон газар нутагтаа ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийнэ. Дээр нь гадаадын төсөл хөтөлбөрүүдийн газруудаар ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийлгэх, ер нь мод үржүүлгийн газарт байгаа, /хэдийгээр хувийн хэвшлийн мод үржүүлгийн газарт байгаа ч гэсэн/ тарьц, суулгацыг зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулна.


Яагаад гэвэл манай аймаг өөрөө нийлүүлэгч аймаг гэж зарласан. Энэ утгаараа Сэлэнгэ аймгийн удирдлагын баг Дорноговь, Дундговь аймгуудад 1, 1 га төгөл байгуулсан. Энэ жил Говьсүмбэрт очиж төглөө байгуулна. Төгөл байгуулах гол шалтгаан нь Сэлэнгэ аймгийн бэлтгэсэн тарьц, суулгац, тарьж ургуулсан мод, Сэлэнгэ аймгийнхаа төдийгүй өөр бусад газарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, ургаж чадах мод байгаа гэдгийг харуулж байгаагийн илрэл гэж үзэж болно.    


Энэ жил бас тэр газрууддаа очиж төгөл байгуулахын зэрэгцээ, тарьц, суулгацуудаа зах зээлд гаргах боломжуудыг судална. Үүний зэрэгцээ уул уурхайн дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтүүдийг нэлээд хэдэн газруудад хийхээр төлөвлөсөн. Энэ ажлыг Ерөө, Мандал, Хүдэр зэрэг сумдад хийж байгаа. Өнгөрсөн жил Ерөөгийн “Ялбаг”-т “Оюу толгой”, Эрдэнэт үйлдвэрүүд нөхөн сэргээх ажлыг 370 гаруй га газарт хийсэн. Мөн техникийн нөхөн сэргээлтийг ч хийсэн байгаа.


-Сэлэнгэ аймаг энэ жил аялал жуулчлалыг хөгжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ гээд зарласан. Тухайлбал аялал жуулчлалыг ямар ямар чиглэлээр нэмэгдүүлж болохоор байна вэ?

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд, тухайлбал өвлийн аялал жуулчлал гэдэгт мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, нохойтой чарга ч гэдэг юм уу эдгээр аялал жуулчлалуудыг хөгжүүлэх боломжууд нь хаана байна гэдэг дээр бүгдийг нь судалж гаргасан. Үүнтэй холбоотой мөсөн дээрх тэмцээн уралдааныг ч бид зохион байгуулсан.


Мөн саяхан болсон сумдын удирдах ажилтны зөвлөгөөн дээр энэ талаар мэдээлэл хийсэн. Түүнчлэн сумдын засаг дарга нартай байгуулах гэрээн дээрээ ч тусгаж өгсөн байгаа. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломж хийгээд, үүнийг эвент арга хэмжээ болгон хөгжүүлэх боломж манайд байгаа шүү гэдгийг мэдрүүлсэн.


-Ногоон хөгжлийг яаж дэмжих юм?

-Ногоон хөгжлийг дэмжих жилийн хүрээнд аливаа зүйлээ ногоон хөгжилтэйгөө уялдуулж, байгалийн нөөцдөө түшиглээд, шинжлэх ухаанд үндэслэсэн, судалгаанд тулгуурласан  бодлогын баримтуудыг авч явуулах хэрэгтэй байгаа юм.

Гол давуу нь юу вэ гэхээр байгалийн бүх нөөцөө манай аймаг судалсан. Тэрч бүү хэл гадаргын ус, гүний усны тооллогоо ч хийсэн. Ийм ч учраас гүний усны нөөц ямар байгаагаа тооцсон учраас гүний усыг хамгаалах бодлогыг 2024 оноос баримтлаад явж байна. Мөн усан доторх загас, цөлжилт, газрын доройтлоо ч тоолсон.


Сэлэнгэ аймгийн газар нутгийн 66.9 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн байгаа. Эдгээрээс хамгийн их цөлжилтөд өртсөн газар бол Жавхлант, Орхон сум. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нутагт хамгийн их доройтолд ордог юм байна. Тухайлбал Ерөө, Хүдэр сумдыг бид сайхан ойтой сум л гэж ойлгодог. Гэтэл уул уурхайн үйлдэлд өртөөд газрын доройтолд орсон байх жишээтэй. Ийм учраас эдгээр зүйлд тулгуурлаад бид бодлогын бичиг баримтаа явуулж байна.


-Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймаг түүчээлэн ажиллаж байгаа. Энэ талаараа?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнгөрсөн жил 27 сая ширхэг тарьцыг мод үржүүлгийн газрууддаа тарьж ургуулсан. Үүнийхээ 10 сая орчим ширхэг тарьцыг зах зээлд гаргана. Манайд 94 ширхэг мод үржүүлгийн газар байдаг.


-Ойжуулалт, нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгаа вэ?

-Ойжуулалтыг өөрийн хөрөнгөөр буюу байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийдэг. Энэ ажлыг 2024 онд сумдаас хийхээр хуулиар заасан. Бидний зүгээс аймаг дээр төвлөрүүлсэн 560 сая төгрөгийн ажлаас гадна төсөл хөтөлбөрүүдийн газраас ойжуулалт, нөхөн сэргээх ажлуудыг хийх зорилт тавьсан. Энд Алтанбулаг сумын нутагт “Оюу толгой” компани 400 га талбайд, Ерөө сумын нутагт “Ногоон хэрэм” төсөл 15 га-д мод үржүүлгийн газар байгуулж, 600 га-д ойжуулалт хийхээр техник эдийн засгийн үндэслэлүүдээ гаргаад явж байна. Мөн Швейцарын хөгжлийн агентлагаас цөлжилт газрын доройтолд өртсөн 100 га газарт ойжуулалт хийнэ. Нэг ёсондоо 1100 га газрыг гадаадын төсөл хөтөлбөрүүдээр хийлгэнэ.


Мөн аймгийн Засаг даргатай тарьц суулгац тарих, ойжуулалт хийхээр гэрээ байгуулсан уул уурхайн компаниуд бий. “Болд төмөр Ерөө гол” компани өнгөрсөн жил гэрээнд тусгасан ажлаа бүрэн гүйцэт биелүүлсэн. “Бороо гоулд” компани байна. Эднийх гэрээнд заагдсан тарьц, суулгацуудаа тарьж, ургуулсан байгаа. Мөн “Дархан төмөрлөг” Сайхан суманд 14 мянган мод тарьж, ургуулсан үр дүнтэй явж байгаа.


-Ойжуулалт нөхөн сэргээлтийн үр дүн харагдаж байна уу?

-Бид үүнийг үр дүнтэй ажил гэж харж байгаа. Хуучин жижиг жижиг 1-2 га газруудад хийгээд яасан нь мэдэгдэхгүй өнгөрдөг байсан. Тэр ч утгаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 3000 гаруй га газар уул уурхайн олборлолтын улмаас элэгдэл эвдрэлд орцон явж байгаа. Энэ судалгаа гарсны дараа улсаас хүртэл анхаараад, Сэлэнгэ аймаг хамгийн их эвдрэлтэй гэж үзээд “Оюу толгой”, компани, “Эрдэнэт” үйлдвэр орж ирээд хөрөнгө санхүүжилтээрээ нөхөн сэргээлт хийж байна. 2023 онд бид уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газарт 26 тэрбум төгрөг зарцуулсан.


Тэгэхээр нэг талаас тийм их газар эвдрэлд ороогүй байсан бол, тэр их мөнгийг бид өөр бүтээн байгуулалтын ажилдаа зарцуулах байжээ гэж хардаг. Нөгөө талаас жижиг жижиг газарт нөхөн сэргээлт хийсэн мэтээр явж байгаа боловч нийлүүлээд харахад үр дүн харагдахгүй байсан. Харин одоо бол харагдаж байна. Маш их хэмжээний гуу жалга үүсчихсэн, голын голдирол үүссэн газрууд хивэндээ орсон. Тэр хэмжээний газрын хөрсийг бий болгосон. Өөрөөр хэлбэл тэнд үржил шимтэй хөрсийг бий болгож чадсан.


Одоо бид цаашаа тэнд боломжийг судалж байна. Ойжуулах юм уу, нөхөн сэргээх юм уу. Дээр нь хүнд металлын судалгаа хийж байгаад жимс жимсгэнэ тариалж болох уу, агро ойжуулалт хөгжүүлэх бололцоотой байна уу, гээд бүхий л судалгаануудыг хийж байна. Холбогдох зүйлсээ гаргаад эрдэм шинжилгээний байгууллагуудад өгсөн. Тэд судалгаагаа хийгээд явж байгаа.


-Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг сум тус бүрд хуваарилж өгдөг үү?

-2024 онд бид 17 сумд бүрд байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлыг төлөвлөөд,  хийх ажлыг нь тодорхой зааж өгөөд тоот явуулсан.

Гэтэл манай сумууд маш их учир дутагдалтай дээрх зардлыг төлөвлөхгүй, сумын ИТХ-аараа батлуулахгүй байна. Тухайлбал Алтанбулаг суманд гэхэд танайх 2024 онд  байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар байгалийн нөөцийн орлогод 143 сая төгрөгийг төвлөрүүлээд, буцаагаад байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээндээ 113 саяыг нь зарцуулаарай гэсэн.


17 сум бүрд ингэж дээрх байдлаар албан тоот явуулсан. Харамсалтай нь өнөөдөр байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаа төлөвлөсөн сум 9 л байна. Энэ бол маш харамсалтай.

Бусад үлдсэн сумууд энэ зардлаар юу ч хийж чадахгүй байна гэсэн үг. Нэг талаас санхүүгийн боловсрол муу, байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллаж чадахгүй байна л гэсэн үг.     


-Энэ сард дэлхийн усны болоод ойн өдрүүд тохиодог. Эдгээр тэмдэглэлт өдрүүдээр ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ?

-3 сард Дэлхийн усны өдөр, 22-ны өдөр олон улсын Ойн өдөр болдог. Мөн биологийн төрөл зүйлийг хамгаалах олон улсын өдөр гэж байгаа. Эдгээр өдрүүдийн хүрээнд бид тухайлбал, биологийн төрөл зүйлийг яаж хамгаалах талаар ойн мэргэжлийн байгууллагуудаас ЕБС-ийн хүүхдүүдэд танин мэдэхүйн талаас нь мэдлэг, мэдээлэл өгч ажилладаг. Мөн ан агнуурын бүс нутгуудыг хамгаалсан газруудад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж байгаа талаар мэдээлэл өгнө.


Сургуулийн сурагчдын дунд ерөнхийдөө байгаль орчин, танин мэдэхүйн мэдлэг өгөхийн зэрэгцээ мэргэжлээ хэрхэн сонгох вэ гэдэг дээр сургалт хийхээр төлөвлөгөө гаргасан. Бид стрийм төслийн дэмжлэгтэйгээр газар зүйн мэдээллийн системийг хэрхэн яаж ажилдаа ашиглах сургалтыг бүх мэргэжилтнүүддээ авсан байгаа.


-Сэлэнгэ аймаг байгалийн дагалдах баялаг ихтэй. Хүнсний хувьсгал хөдөлгөөний хүрээнд энэхүү баялгаа хэрхэн хүртэж, ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна уу. Та инженер хүний хувьд, ямар бодолтой явдаг вэ?

-Манай аймаг бас л байгалийн ургамлын судалгааг хийлгэсэн. Төчнөөн га гэж нөөцөөр нь гаргаагүй ч гэсэн Сэлэнгэ аймгийн аль аль газруудад нөөц байгааг судалгаагаар тогтоосон. Сэлэнгэ аймгийн хэмжээнд Баруунбүрэн, Түшиг сум нэрс түүх бололцоотой, Хүдэр, Түшиг, Баруунбүрэн, Ерөө сумууд гүзээлзгэнэ түүх боломжтой гэсэн ерөнхий судалгаа хийсэн. Энэ судалгаан дээр үндэслээд аймгийн ХХААГ-аас 2024 онд Хүдэр, Түшиг сумдад жимс жимсгэнэ боловсруулдаг жижиг дунд үйлдвэрлэл байгуулахаар ажиллаж байна.

Энэ ч утгаараа хүнсний хувьсгалтай ч холбоотой юм. Ер нь хүнсний хувьсгал ганцхан төмс, хүнсний ногоогоор хязгаарлах биш, ойн дагалдах баялаг жимс жимсгэнийг бид ашиглаж, хүнсний төрөл зүйлээ нэмэгдүүлэх боломж манай аймгийн хувьд харагдаж байгаа. Гагцхүү бид бүртгэж тооцуулаад, ямар хэмжээтэй гарах юм, эдийн засагт оруулж байгаа нөлөөлөл байна уу гэдгийг тооцоолох хэрэгтэй.


Ер нь эцэст нь хэлэхэд аливаа зүйлийг гаргахад эдийн засгийн тооцоо судалгаа маш чухал. Энэ нь манай аймагт жаахан дутагдаад байна уу даа гэж харагддаг. Эдийн засгийн тооцоолол байхгүйгээр аливаа зүйлийг хийхэд үр ашигтай юм уу, үгүй юм уу гэдэг нь харагдахгүй.


Жишээ нь бид нүүрсний уурхайгаа явуулах нь үр ашигтай байна уу? эсвэл сэргээгдэх эрчим хүчээ ашиглаад дулаанаа гаргаад авах нь үр ашигтай байна уу. Дулаанаа, эрчим хүчээ худалдах бүрэн боломж бидэнд бий. Тэр тооцоолол, эдийн засгийн судалгааг өнөөдөр хүртэл гаргаагүй учраас аймаг хөгжихгүй бас нэг шалтгаан байгаад байгаа юм болов уу гэж инженер хүний хувьд хардаг.  


-Танай албанд ер нь их олон асуудлын шийдэл байдаг бололтой. Ойжуулалт нөхөн сэргээлтээс гадна хортон шавж, гол ус, ан агнуур гээд маш өргөн хүрээнд хүрч яригдах нь ээ?

-Тийм шүү. Ойжуулалт нөхөн сэргээлтээс гадна ойг хамгаалах ажилд нэлээд хөрөнгө тавьсан. Ялангуяа сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ойн хөнөөлт шавж маш ихээр нэмэгдэж байгаа. Манай Сэлэнгэ аймгийн хэмжээнд 140-өөд мянган га газарт энэ ойн хөнөөлт шавж тархсан судалгаа гарсан. Мөн ойн өвчин бас нэлээд гарч байна. Үүн дээр бид анхаарч судалгаа шинжилгээний газруудад хандаж, судалгаа хийлгэхээр хүсэлтээ тавьсан. Энэ хавраас энэ ажил эхэлнэ.


Ан амьтныг хамгаалах тал дээр жил бүр агнах, барих тоо хэмжээг аймгийн ИТХ-аар батлуулдаг. Бид Сэлэнгэ аймгийн хэмжээнд агнуур зохион байгуулалтыг хийсэн. Энэ зохион байгуулалтын ажлаас агнуурын менежментийн аймгийн төлөвлөгөө гардаг.


Тухайлбал хаана ямар амьтныг агнаж болох, хаана нутагшуулмаар байгаа гээд ерөнхий зүйл гарна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд бор гөрөөс, буга, гахай, баавгай ховордсон ерөнхий судалгаа гарсан.

Ингээд ерөнхий судалгаан дээрээ үндэслээд тусгай зориулалтын ямар ан амьтныг хаана агнуулах вэ гэдгийг тодорхойлж гаргадаг. Иймээс бид агнуурын бүс нутгуудыг эзэмшүүлэх талаар сум орон нутгийн ИТХ, аймаг, сумын Засаг дарга нарт чиглэл өгсөн. Энэ бол маш чухал ажил. Яагаад гэвэл агнуурын тусгай зориулалтын агнуурыг агнахын тулд агнуурын бүс нутгаа эзэмшүүлэх ёстой байдаг. Хэрвээ энэ бүс нутгийг эзэмшүүлээгүй тохиолдолд БОАЖЯ-наас ахуйн зориулалтын анг ахуйн зориулалтаар агнах тоо, толгойг манайд баталж өгөхгүй гэсэн үг.


-Тэгэхээр түлээ, нүүрсний утаанаас гарсан хорт хий, энэ бүхэн байгаль орчинтой уялдаад ирнэ. Маш их өргөн хүрээнд бодлогоо чиглүүлж ажиллах байгууллага бол танайх гэж ойлгож байна?

-Ялангуяа энэ 2024 онд ногоон хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Сэлэнгэ аймгийнхаа нөөцийг яаж үр ашигтай хэрэглэх вэ, байгаа нөөцөө яавал эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг тал дээр нэлээд бодлого барина. Мөн дээр нь энэ барилга байгууламжуудын дулаан алдагдлыг хэрхэн багасах вэ? Айл өрхүүд, иргэд маань хамаг л мөнгөө түлээ, нүүрсэнд зарцуулж байна.


Иймээс нэгэнт бид байгаль орчны байгууллага учраас түлээг яаж бага түлэх вэ, сэргээгдэх эрчим хүчийг Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдгийг хүртэл судалгаа шинжилгээ хийлгэхээр зорилт тавин ажиллаж байна. Сэлэнгэ аймгийг төв хэсэгтээ дулааны станцаар халаах юм бол, Орхонтуул мэтийн тал хөндий өндөртэй газруудыг сэргээгдэх эрчим хүч юм уу салхины эрчим хүчнүүдийг яаж байгуулж болох вэ. Мөн усан дээрээ усан цахилгаан станцуудыг хэрхэн байгуулж болохоор байгаа зэрэг онцлог онцлог байгалийн даацууд дээр тохируулсан бодлого боловсруулж ажиллавал илүү үр дүнтэй юм болов уу гэж миний хувьд боддог.


-Ой хээрийн түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа юу байна?

-Бид ой хээрийн түймрээс хамгаалах ажлуудыг байнга хийдэг. Тухайлбал Ерөө сумын Бугант тосгонд “Ногоон хэрэм” төслийн дэмжлэгтэйгээр агаараас тандан судлах тасаг байгуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор ойн түймрээс хамгаалах багаж төхөөрөмж, машин техникийг төслөөс олгож байна. Мөн стрийм төслийн дэмжлэгтэйгээр Ерөө, Мандал сумдад загвар ойг бий болгож байна. Загвар ой байгуулах 100 га газраа бид авсан. Энэ сардаа багтаагаад загвар ойг хэрхэн яаж байгуулах, хэрхэн зохион байгуулах талаар сургалт, танилцуулга, хэлэлцүүлгийг хийхээр бэлтгэлээ хангаж байгаа.


-Байгаль орчныг бохирдуулж байгаа хог байнгын асуудал дагуулсаар л байгаа. Энэ талаар?

-Хог хаягдал болоод орчны бохирдлыг бууруулах асуудлаар БОАЖЯ-ны сайдын албан даалгавар гарсан. Энэ даалгаврын хүрээнд орчны хог хаягдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар сум, орон нутгийн удирдлагуудад чиглэл өгөх, сум дээр байгаа хог хаягдлын эзэмшиж байгаа талбайн хэмжээг багасгах, хашаажуулах ажлыг хийхээр төлөвлөсөн.


Аймгийн хэмжээнд 17 сумаас ердөө 7 сум л хогийн талбайгаа хашаажуулсан байгаа. Бусад нь задгай, тэр хэмжээгээр хог нь тархаад явж байгаа гэсэн үг. Жишээ нь Алтанбулаг сумын Долоон давааны хогийн цэг цаашаа “Гүн нуур” хүртэл тархсан жишээтэй. Үүнийг хашаажуулах даалгаврыг бид өгсөн.  


-Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ойн мэргэжлийн байгууллагууд, мөн нөхөрлөлүүд өнөөдөр шаардлага хангаж байна уу?

-Сэлэнгэ аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 168 нөхөрлөл бий. Эдгээр нөхөрлөлүүд ойн арга хэмжээний хүрээнд ямар үйл ажиллагаа явуулж байгаа дээр судалгааг гаргаж, үнэхээр ажиллаж байгаад нь мэргэжил арга зүйгээр ханган ажиллана. Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 140 гаруй ойн мэргэжлийн байгууллага байдаг. Эдгээр маань мод бэлтгэдэг, ой нөхөн сэргээдэг, үржүүлдэг үйл ажиллагааг эрхэлдэг. Эдгээрийн бүртгэл үйл ажиллагааг шинэчилсэн. Зарим нэг нь эрхээ цуцлуулсан байгаа. Үйл ажиллагаа нь явж байгаа газруудад мөн адил мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.


Ер нь салбарын хэмжээндээ бид байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААНБ, мөн ард иргэдэд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар мэдлэг мэдээлэл олгох, хууль тогтоомжуудаа сурталчлах ажлуудыг энэ сарын хүрээнд хийхээр төлөвлөөд явж байна.


-Байгаль хамгаалагч нарын нийгмийн асуудалд хэр анхаарч байна?

-2020 оноос хойш байгаль хамгаалагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр шат шатанд нэлээд тавьсан. Яагаад гэвэл эдгээр хүмүүсийн цалин төрийн захиргааны байгууллагын хамгийн бага ТЗ-2 шатлалтай байсан. Манай салбарын яамнаас хүртэл энэ хүмүүсийнхээ цалинг нэмэгдүүлэх талаар шат шатны байгууллагуудад асуудал болгон тавьж байсан юм билээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хэмжээнд ерөнхийдөө цалин нэмэгдэж байгаатай холбогдуулан арай гайгүй цалинтай болсон.


2024 онд бид байгаль хамгаалагчдаа 4 ээлжийн хувцастай болгохоор, бүх сумдынхаа байгаль хамгаалагчдыг компьютероор хангахаар ажиллаж байна. Өнөөдөр бүх үйл ажиллагаа, бичиг баримтууд цахимаар явж байна. Цахим дээр ажиллаж чадахгүй, байгаль хамгаалагч байхгүй, бүгд ажиллаж чаддаг. Гагцхүү тоног төхөөрөмж дутагдалтай байсан.


Дээр нь бид улсын байцаагчдынхаа аюулгүй байдал, хувь хүний нууцтай холбогдуулан биеэ хамгаалах үүднээс энгэрийн камераар хангаж байна. Өнгөрсөн жил бие хамгаалах хэрэглэлээр байгаль хамгаалагчдаа хангасан. Мөн туулах чадвар сайтай, аюулгүй байдал талаас нь харж чанар өндөртэй, мотоциклоор хангаж байна. 8-9 сумдыг ер нь хангана.  


Манай газрын хувьд машин тоног төхөөрөмжөөр дутагдалтай байгаа. Бидний зүгээс салбарын сайддаа болон аймгийн Засаг даргадаа удаа дараа хүсэлт тавьсан. Өнөөдөр бид нэг жижиг машин, нэг фургонтой. Бидний өнөөдөр явж байгаа зам ямар билээ. Уул уурхай ихтэй. Фургон машин маань өнөөдрийн шаардлагыг хангахгүй байгаа. Иймээс бид туулах чадвар сайтай машин тэргээр хангаж өгөхийг хүссэн байгаа.  


Цас ихтэй үед бид ууландаа хүрч ойгоо шалгаж чадахаа больсон. Уул уурхай цастай үед зогсдог хэдий ч ялангуяа ойн шалгалт, ангын шалгалтаар бид тэр бүр явж чадахгүй байна. Гэсэн ч бид ажлаа зогсоогоогүй, тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа.


-Байгалийн хулгай, зөрчил гарч байна уу?

-Сөрөг үр дагавар байна. Бидний хүрч чадахгүй газруудад байна. Хэдийгээр яваад байгаа ч гэсэн. Манай БОАЖГ дотроо байгаль орчны хяналтын албатай болсон. Хэдийгээр манай хүмүүс явж байгаа ч сумдад хяналтын улсын байцаагч дутагдалтай байгаа. Хүний нөөц бүх салбарт дутагдалтай, тэр тусмаа байгаль хамгаалагч гэхэд манай аймгийн хэмжээнд 17 байцаагч дутуу байна.  Зүүнбүрэн,  Орхонтуул, Орхон, Сант сум байгаль хамгаалагчгүй байна. 


Уул уурхайн хяналт дээр Ерөөгийн 16-гийн даваан дээр байнгын хяналт шалгалт гарч байгаа. Тэнд экологийн цагдаагийн 2 хүн, манай байгаль хамгаалагч, улсын байцаагч нар 14 хоног ээлжээр ажилладаг. Эдгээр хүмүүсийн маань нийгмийн баталгаа хангалтгүй, томилолтын зардал, байнга ирж очих унааны түлш хаана ч хүрэхгүй. Энэ бол салбарын хэмжээнд яригдаж байгаа асуудлын нэг.


-Ярилцсан танд баярлалаа

Холбоотой мэдээ