ЗАВХАН: Эх оронч голуудын нэг нь Тэс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-22 14:07:39

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгосныг энэ жил “Ус ба энх тайван” уриан дор тэмдэглэж байна. 


Дэлхийн цэвэр усны нөөцийн 60 хувь хил дамнан урсаж байгаа гол мөрөн бөгөөд дэлхийн 153 улс орны нутаг дэвсгэр доод тал нь 1-310 хүртэлх хил дамнасан голын сав газрыг багтааж байна. Түүнчлэн хил дамнасан газар доорх усны 468 уст давхарга тоологдож байна (UN-Water, 2023).


Дэлхийд дөнгөж 24 улс хооронд хил дамнасан усыг зохицуулах хамтын ажиллагааны гэрээ үйлчилж байна (UN-Water, 2023).

Тэс голын хавар

Усны өдөртэй холбоотойгоор эх оронч гол гэгддэг Тэсийн голын тухай мэдээлэл хүргэж байна.

Гадагш урсгалгүй буюу бидний “Эх оронч” хэмээн нэрийддэг цөөхөн голын нэг нь Тэс гол.

Булнайн нурууны араас эх авч Увс нуурт цутгах энэ гол 568 км урт бөгөөд 33358 хавтгай дөрвөлжин км талбайгаас усжина. Тэсийн голд Тагны нурууны өврөөс эх авсан хэдэн арван гол горхи цутгах тул доошлох тутам ус элбэгтэй болдог.

Голын сав газар эхэндээ уулархаг боловч уулс, харьцах өндрөөрөө нам юм. Булнайн нурууны араас урсах голуудын бэлчирт асар их талбайг хамарсан намаг үүсгэх бөгөөд түүнийг Жаргалантайн намаг гэнэ.

Тэс голын намар

Тэсийн гол Завхан аймгийн нутгаар ОХУ-ын нутаг руу гарч Увс аймгийн Тэс сумын нутгаар эргэн Монголдоо орж ирж Увс нуурт цутгана.

Адагтаа хэд хэд салаалж намаг бүхий голын садраа адаг үүсгэнэ. Үндсэн голын голдирол эхэндээ 150-60 метр, урсгалын дунд хэсэгт 40-120 метр, зарим хэсэгт 200 метр хүртэл задгайрч өргөснө. Усны гүн 0.3-2.5 метр, урсгалын хурд 0.7-1.5 м/сек орчим юм. 

Тэсийн голын олон салаалсан хэсэгт улиасан төгөл бүхий бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий алаг өвст, үет, улалжит нуга, алаг цоог төгөл ойтой.

Тэс голд усны шувууд иржээ

Голын хөндий дагаж зэрлэг чацарганы нөөц ургадаг бөгөөд тошлой, долоогоно, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимстэй.

Тэсийн голын зэгс шугуйд Улаан номд орсон нэн ховор зэгсний гахай, бор гөрөөс, буга, ойн солонго зэрэг хөхтөн амьтад бий.

Тэс голын өвөл. Гэрэл зургуудыг: Н.Батбаяр

Сүүлийн жилүүдэд минж, ондатр нутагшин үржиж байна. Нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, реликт цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог зэрэг олон зүйлийн шувуудтай.

 

Холбоотой мэдээ