Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил бүрэн дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-25 12:10:35

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд “Хүүхэд залуучуудын  театр”-ын барилгын барилга угсралт, дотор засал, тохижилт, гадна, дотор цахилгаан хангамжийн ажил, холбоо дохиоллын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ.


Тус барилга зоорьтой, 4 давхар 850 суудалтай юм. Зоорийн давхар өлгүүрийн хэсэг, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөнүүд, бялдаржуулах танхим, хөгжмийн бэлтгэлийн өрөө, оёдлын хэсэг, хөгжимчдийн өрөө, театрын архив, болон бусад өрөө тасалгаа, агуулахаас бүрдэх юм. 

Нэгдүгээр давхарт үзэгчдийн танхим, гол орц, удирдлагын өрөө, сургалтын танхим, оффис, зочдын өрөө, касс, жижиг хэрэглэх хадгалах өрөө, ажилчдын өрөө, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаа байрлана.

Хоёрдугаар давхарт бүжгийн заал, фойе, дугуйлан, сургалтын өрөөнүүд, хооллох хэсэг, гал тогоо, хөргүүрийн агуулах, хуурай хүнсний агуулах, ажилчдын өрөө, гэрэл техникийн өрөө, угаалга, серверийн өрөө болон бусад өрөө тасалгаа, байрлана.

Гуравдугаар давхар лодж, фойе, сургалтын танхим, тоглолтын танхим, жүжигчдийн өрөө, номын фонд, уншлагын танхим, зургийн өрөө, найруулагчдын өрөө, галерей, ариун цэврийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаанаас тус тус бүрдсэн зохион байгуулалттай. 

Тус театр ашиглалтад орсноор иргэд хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ ойртож тав тухтай, орчин үеийн хүүхэд залуучуудын театрын чиг хандлагатай байгууламжид соёлын үйлчилгээ авах боломжтой болно. 


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Балданс ХХК,” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг "Аглут" ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллажээ.


Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдүүлэх, соёлын үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор бүтээн байгуулалтын ажил ийнхүү өрнөж буй юм.  



Холбоотой мэдээ