ДУНДГОВЬ: Л.Гүенбаатар сардаа 30 гаруй хэл хуур урладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-02 16:14:42
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Хэл хуур уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгийн хэлбэр, хийц энгийн атлаа өвөрмөц уянгалаг тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татдаг.


Хэл хуурыг урладаг уран, дархан хүн Дундговь аймагт олон байхгүй. Харин Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн иргэн Лхагвасүрэнгийн Гүенбаатар хэл хуурыг урлаад 15 жил болж байна.


2002 онд цэргийн албаа дүүргэж, нутагтаа ирсэн тэрбээр хувиараа хөдөлмөр эрхлэхийн тулд анх төмрөөр зуух, яндан хийж, 2009 оноос хэл хуур урлаж эхэлжээ. Энэхүү хөгжмийн зэмсгийн талаар анх мэддэггүй байсан ч СУИС-д сурдаг дүүгээсээ энэхүү хөгжмийн зэмсэг хийх аргад суралцан түүнээс хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм.


Үйлдвэрлэл явуулахад ажлын байр, тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл гээд олон зүйлээс үйлдвэрлэлийн бүтээмж хамаардаг. Анх гадаа голдуу ажилладаг, цөөн хэдэн багажтай байсан бол одоо тохилог, саруулхан урлангийн өрөөтэй, тоног төхөөрөмжтэй болж, ажиллах орчноо сайн бүрдүүлж чаджээ.



Металл, гантай төмрийг улайсгаж, матаж, гараар хэл хуураа урладаг нь түүний онцлог. Өдөрт 30 ширхэг хэл хуур гараас гаргадаг ба жилдээ 300 гаруй ийм хөгжмийн зэмсэг хийж, гадаад, дотоодын зах зээлд нийлүүлдэг байна.


Төмрөөр бүтээл хийх амар ажил биш, хүнд чанартай бүтээгдэхүүн хийж өгөхийг л чухалчилдаг, хичээгээд зүтгээд, тууштай байвал хожим нь заавал өгөөж нь ирдэг юм гэж Гүенбаатар ярилаа.


Хүн эхнээсээ бүхнийг мэддэг чаддаг төрдөггүй, аливаад суралцахын тулд хүний хийснийг харж, ажиглаж, аргыг нь мэдэж сурч авдаг. Гүенбаатар тийм л хүн. Гарын болон ухааны урыг тэр зураач ааваасаа өвлөж авсан тэрбээр зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, хэл хуур урласан нь онцлогтой. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой түүний хийдэг хэл хуурыг ОХУ-ын Буриад, Якут улсаас ч захиалан хийлгэдэг байна.   


Хэл хуурыг дуугаргахад хэлний хөдөлгөөн их нөлөөлдөг ба хуурын дунд хэсэгт байрлах хэлний чичирхийлэх хөдөлгөөнөөр авиа гаргадаг тул “хэл хуур” гэж  нэрлэсэн хэмээн судлаачид тайлбарладаг. Харин хулс, яс, төмөр гээд хийсэн материалаас хамааран нэршлүүд нь өөр өөр байдаг бөгөөд Гүенбаатар ихэвчлэн төмрөөр 4-5 төрлийн хуур хийдэг юм. 



Холбоотой мэдээ