ХОВД: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-04-03 13:30:21

Жаргалант, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/.  Энэ онд Ховд аймагт улсын төсвийн 158.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 69 нэр төрлийн төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

Мөн “Хүүхдэд ээлтэй-Хүний хөгжлийг дэмжих жил” уриалгын хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд 96 төсөл, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Он дамжсан томоохон бүтээн байгуулалт, засвар, үйлчилгээний ажлууд энэ долоо хоногт эхэлсэн байна.


Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар болон бусад мэргэжлийн байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн ажлыг эрчимжүүлжээ. 


Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өнөөдрөөс Ховд аймагт хэрэгжүүлж эхэллээ. 


Энэ хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах зарчим, үйлдвэрлэлийн осол, хурц хорлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэжлийн байгууллагуудын зүгээс зөвлөн туслах үйл ажиллагаа өрнүүлж байна.    


Ховд аймаг 90 мянга гаруй хүн амтай. Үүнээс хөдөлмөрийн насны иргэдийн 80 орчим хувь нь уул уурхай, барилга, зам тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна.


Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас иргэд хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдах, хохирох эрсдэл нэмэгдэж байгаа юм. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчин нөхцөлийг сайжруулахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх нь хамгаас чухал байна.


Өнөөдрийн сургалтад  Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов. 

 

Холбоотой мэдээ