Х.Нямбаатар: Нийслэл өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-04-20 22:13:21

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Багануур дүүрэгт өнөөдөр ажиллалаа.

Энэ үеэр “Хэрлэн” төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвийн 51 хувийн эзэмшлийн удирдлагуудтай уулзав. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нийслэлд ногдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийдэггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулсаар иржээ.


Тодруулбал, тус байгууламж нь 1984 онд ашиглалтад орж, 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар” болон байгуулагджээ. 1993 онд тус газрыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” ХК болгон шинэчлэн байгуулжээ. Компанийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Зарим хувьцаа эзэмшигчид ногдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.

1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийж, засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил  цэвэр орлого 9 сая төгрөг гарсан. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг. Энэ жилийн цэвэр ашиг болох  9 сая төгрөгнөөс 34 хувийн ногдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг  Я.Нэргүй хэллээ.


2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанийн үйл ажиллагааг хянан шалгасан бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар:

-Хэрлэн төв бол их том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгч олонтой. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ногдол ашиг өгөөгүй ирсэн. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ногдол ашгаа хуулийн дагуу авах ёстой. Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ногдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэсэн талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ