УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-23 15:33:07

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид дэлхийн шилдэг хошин дуурийн нэг “Дурлалын ундаа” дуурийг энэ амралтын өдрүүдэд анх удаа тайзнаа толилуулна.


Өнгөрсөн онд тохиосон УДБЭТ-ын 60 жилийн ойн хүрээнд олон томоохон ажил хийж буйн үргэлжлэл нь хайр дурлалын сэдэвтэй, залууст зориулсан энэхүү хошин дуурь үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон. Эл бүтээлийг орчин үеийн шийдлээр Монголын тайзнаа амилуулах гэж байгааг тус театрын захирал Б.Сарантуяа хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тус дуурийн анхны тоглолт 1832 оны тавдугаар сарын 12-нд Милан хотын Театро делла Каноббианид болж байжээ. Г.Доницеттийн хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт, хошин дуурийн зохиол нь инээдтэй, энгийн, хошигнол бүхий хайрын түүхээр амталсан хөнгөн инээдмийн дуурь учир өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар тоглоно гэдгийг уран бүтээлчид тодотгов.


Тус дуурийг театрын залуу найруулагч Б.Мэндбаяр найруулсан бөгөөд XIX зууны үйл явдлыг нааашлуулж, дэлхийн эдийн засаг, соёл, хөгжлийн үсрэлтийн XXI зуунд болгон хөрвүүлэн тавьжээ. Тэрбээр, энэхүү дуурийг үзэхэд XIX зууны үйл явдал дотор өнөөгийн нийгэм тэр чигээрээ уусаж буйгаар харах болно гэдгийг хэллээ.


Дуурийн гол дүр Адинад МУГЖ, гоцлол дуучин Ө.Уянга, МУСТА Б.Одонзаяа, гэнэн цайлган хөгжилтэй залуу Неморинод МУГЖ Б.Гомбо-Очир, МУСТА Ө.Цэрэнчунт нар дүр бүтээсэн бол театрын залуу уран бүтээлчид хамтран оролцож байна. 


МУГЖ, гоцлол дуучин Ө.Уянга хэлэхдээ,Дурлалын ундаа” дуурь хөнгөн хөгжилтэй, тод өнгөтэй. Бүх дүр техниктэй дуулагддаг учраас залуу уран бүтээлчид маань мэргэжлийн түвшинд дээшлэх мастер класс болсон дуурь юм. Дуурийн театрт ирж тогтмол дуурь үздэг үзэгчид “Дурлалын ундаа” дуурийг мэддэг. Дэлхийн театруудад алдар нэрээ гаргаж буй дуучид энэ дууриар карьераа эхэлдэг. Тиймээс энэ амралтын өдрүүдэд бидний бүтээсэн “Дурлалын ундаа”-гаар амьсгалуулах болно” гэв.


Тус дуурийн удирдаачаар Т.Юндэн, тайзны ерөнхий зураачаар МУУГЗ Г.Ганбаатар, хувцасны дизайнераар МУСТА Г.Оюун, ерөнхий хормейстерээр МУСТА Н.Дашбямба нар ажиллаж байна.


Дэлхийн шилдэг хошин дуурийн шинэ шийдэл, өвөрмөц тайз, залуу уран бүтээлчдийн содон тоглолт, тайзнаа өрнөх хөгжилтэй, сонирхолтой үйл явдлыг УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 27, 28-нд тоглох “Дурлалын ундаа” дууриас үзэх боломжтой. 





Холбоотой мэдээ