НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мүн талархлын захидал ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-05-08 12:33:24

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын “Бан Ги Мүн” сан хамтран зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” олон улсын чуулга уулзалтад хүндэт зочноор оролцсон НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ки Мүн” сангийн тэргүүн Бан Ки Мүн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархлын захидал ирүүлсэн байна. Захидлыг бүрэн эхээр хүргэж байна.


Захидалд "Монгол Улсын Их Хурлын дарга Эрхэмсэг ноён Гомбожавын Занданшатар Танаа

Эрхэм хүндэт Занданшатар дарга аа,

Саяхан Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох үеэр намайг болон манай төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсанд Тань чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.


Энэхүү чуулга уулзалтад оролцсондоо сэтгэл нэн хангалуун байгаа бөгөөд тус арга хэмжээ үр бүтээлтэй болсныг тэмдэглэхэд таатай байна. Таны манлайлал дор чуулга уулзалтын бэлтгэл ажил бүрэн хангагдаж, олон улсын өндөр түвшний төлөөлөгч оролцож, хэлэлцүүлгүүд агуулгын хувьд ач холбогдолтой болж өндөрлөлөө. Алтайн улс орнуудад Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэх эрмэлзэл, чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн Таны санаа бодол, хичээл чармайлт өндрөөр үнэлэгдэж, үр дүн авчирна гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа бат бэх найрамдалт харилцаа, харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр хөгжинө гэдэгт миний бие итгэлтэй байна. Харилцаагаа цаашид улам бэхжүүлэх зарчмыг миний бие байнга анхаарал хандуулж ажиллахаа үүгээр нотолж байна.


Үүнтэй холбогдуулан Элчин сайд Ким Сүкийн санаачилсан Солонгос-Монголын алсын хараа чуулга уулзалт нь энэ зорилгын төлөө тулах цэг болно гэдэгт итгэлтэй байна. Энэ чуулга уулзалт нь ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Таныг чуулга уулзалтын амжилтын нэг хэсэг болно гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь 2030 он хүртэлх ТХЗ-ын мөрийн хөтөлбөрийн эрхэм зорилгын төлөө Тантай хамтран ажиллахаа амлаж байгаагаа дахин баталгаажуулахын зэрэгцээ Танд эрүүл энх, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе" гэжээ.


Энэ удаагийн “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” олон улсын чуулга “Тогтвортой хөгжлийн зорилго 16: Энх тайван, шударга ёс, тогтуурьтай тогтолцоо” сэдвийн дор энэ оны дөрөвдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон юм.


Уг чуулга уулзалтад "Илүү сайн ирээдүйн төлөө” уриатай “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Сенатын гишүүн, Казахстан-Монголын парламентын найрамдлын бүлгийн гишүүн Рахметова Асем Калашбаева, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн Судалгааны төв, Солонгос судлалын хөтөлбөрийн захирал, Социологийн ухааны профессор Жи Вук Шин зэрэг 11 улсын 300 гаруй төлөөлөгч оролцсон.

Холбоотой мэдээ