ДУНДГОВЬ: "Гучин хоёр хүнт" чулуун дурсгал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-27 14:44:35
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газраас зүүн урагш 20 гаруй км газарт Монголын түүх соёлын хосгүй дурсгалд тооцогдох Дэл уулын цогцолборт дурсгал бий.


Дэл уул нь чулуун зэвсгийн үеэс эхлэн 19 дүгээр зуун хүртэлх хэдэн мянган жилийн түүх өгүүлэх дөрвөлжин булш, хиргисүүр зэрэг археологийн төрөл бүрийн олдвор элбэгтэй нутаг. Дэл ууланд хадны зураг, руни бичээс, ханз үсэг, уйгаржин, төвөд бичээс, шоргоолжин булш, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, зэл чулуу, хадны оршуулга, сүм хийдийн туурь, чулуун зэвсгийн үлдэгдэл зэрэг дурсгал бий.


Үүний дотроос хамгийн онцлогтой нь Дэл уулын Баруун, Зүүн билүүний хэсэгхэн газарт байх 5000 орчим хадны зураг юм. Тус газрыг эрдэмтэн судлаачид байгаль дээрх уран зургийн галерей ч гэж нэрлэх нь бий.  


Эдгээр хадны зураг нь хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсэг, төмрийн түрүү үе, хүннү, түрэг гэх мэт хоорондоо хэдэн мянган жилийн зайтай цаг үед таван удаа зурагдсаныг судлаачид тогтоожээ.


Хадны зургуудаас хамгийн алдартай нь “32 хүнт” хэмээх хадны зураг юм. Ингэж нэрлэхийн учрыг энд 32 хүн оршуулсан газар биш, харин нэгэн булшны хашлага чулуун дээр гучин хоёр хүнийг дүрсэлснээр нь нэрлэсэн гэх.  



Энэхүү бүжиглэж буй 32 хүний зургаас сэдэвлэн доктор С.Дулам, Урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Баярбаатар, Д.Энхгэрэл нарын уран бүтээлчид хамтран “Хөмөргөн гурвалжин”, “Босоо цагаан гурвалжин” зэрэг бүрэн хэмжээний хоёр бүжгэн жүжиг тавьж, эдгээрийн нэг нь Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байрны тайзан дээр тоглож байжээ.



Холбоотой мэдээ