“Орфей” театрынхан Үй Хуагийн “Амьдрахуй”-г тайзнаа амилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романыг жүжиг болгож үзэгчдийн хүртээл болгох нь ээ.
Тодруулбал, “Орфей” театрын уран бүтээлчид “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн жүжгээр 2024 оны намар цагийн нээлтээ хийхээр болсноо албан ёсоор зарлалаа. Найруулагч М.Батболдын найруулсан эл жүжиг 10 дугаар сарын 1-нд нээлтээ хийх бөгөөд эхний ээлжид Соёлын төв өргөөний тайзнаа 14 хоног толилуулах тов гаргажээ.
Жүжигт амьдралын үнэ цэнийг үл хайхарч, нүглийн гүн намагт живсэн нэгэн асар их зовлон, хагацлыг туулсны эцэст хүлээн зөвшөөрөхүйн хүчээр гэгээрч, бүх амьдралын үнэ цэнийг элсний ширхэг бүрийн тоогоор үнэлдэг болж төгссөн тухай түүхийг өгүүлэх юм.
Жүжгийн тасалбар суудлаас хамааран 30-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэхүү романыг хөрвүүлэн монгол уншигчдад хүргэсэн орчуулагч М.Батбаяр жүжгийн зохиолыг нь мөн бичиж байгаа аж.
"Орфей" театрынхан Жорж Оруэллийн “1984” постдрамын
жүжиг болон “Гэм зэм”, “Опал”, “Шөнө дундын бүжиг” зэрэг жүжгийг үзэгчдэд хүргээд буй юм.