БУЛГАН: Хүүхдийн баяр дурсамж дүүрэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-06-03 11:25:36

Булган, 2024 оны зургаадугаар сарын 2. /МОНЦАМЭ/. Булган аймгийн хувьд энэ жил олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор өргөн дэлгэр тэмдэглэлээ. 





Булган аймаг 19098 өрхийн 61717 хүн амтай, түүнээс 14 хүртэлх насны 18336 хүүхэд байна.

1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт баталж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн билээ.


Үлгэрийн баатруудтай баяр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр аймгийн Номын сангийн хамт олон "Номын шидтэнүүд" дүрээр оролцож хүүхэд багачуудаа баярлууллаа. Тэд жил бүрийн хүүхдийн баяраар дүр хувиргалт дэглэлт хувцсаа өөрсдөө хийдэг уламжлал тогтоод байна. Энэ жилийн хувьд дэлхийн шилдэг зохиол "Харри Поттер", "Тансан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" номын баатруудын дүрд хувирч, хувцас хэрэгслээ өөрсдөө урлаж оролцлоо.


Бага, дунд ангийн сурагчдын дунд монгол тоглоом, аман зохиолын тэмцээн явуулж идэвхтэй оролцсон хүүхдүүдийг урамшууллаа. "Харри Поттер" зохиолын Харри Поттер, Грэнжер, шидтэнүүдийн багш Дамболдор, Макгоногол, Хагрид болон Тамсан лам баруун этгээдэд зорчсон тэмдэглэл номын баатруудтай бяцхан хүүхдүүд дурсгалын зураг авхуулах хүсэлт их байлаа.







Баярын хамгийн онцгой нь Иргэний андгай байлаа

Булган аймгийн 16 сум, 1 тосгон нэгэн зэрэг хүүхэд багачуудаа баярлуулж, тэдэнд хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хамгийн онцгой нь Хангал сумын хүүхдүүдийн “Иргэний андгай” өргөх ёслол байлаа. Түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвших ёстойг үлгэрлэсэн Хүүхдийн андгай өргөх ёслол шинэ ашиглалтад орсон тоглоомын талбайд боллоо. Хангал сумын Засаг дарга М.Төмөрбат аймаг, бүсийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан 21 сурагчид гарын бэлэг өгч, мөн ЕБС-ийн 9а ангийн 21 сурагч Иргэний андгайг төрийн далбаан дор хүндэтгэлтэйгээр өргөж батламж, бэлэг гардан авсан байна.







Хүүхэд бүр өөрийгөө сорьсон уралдаан тэмцээнд хамгийн ачаалалтай цэг байлаа

Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас Цаасан шувуу хийх өртөө, Аз жаргалтай гэр бүл гар зургийн уралдаан ( 3-5, 6-8, 10-11 нас ), Миний нутаг, түүх домог" гар зургийн уралдаан (12-14, 15-18 нас), Гарын хээ, гарын үсэг, үг бичих өртөө, Дурсгалын зураг авхуулах өртөө (солонгос хамтлаг), Хүүхдийн нүүр, гарт дуртай зураг зурах үйлчилгээний өртөө, Булган модель сургалтын төвийн хувцас загварын үзүүлбэр, загвар өмсөгч охидын бүжгийн үзүүлбэр, Нутгийн өнгө уран зургийн дугуйлангийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг байгууллагын хамт олон Булган сумын 1-р сургуулийн дүрслэх урлагийн багш Л.Наранзаяа, 2-р сургуулийн дизайн тeхнологи, дүрслэх урлагийн багш Ариунбат, Нарантуяа, сурагч Д.Оюунбилэг, 3-р сургуулийн дизайн тeхнологийн багш Г.Жадамба нартай хамтран зохион байгуулж 540 гаруй хүүхэд оролцсон байна.














Арван таван метр урт бялуутай Хүүхдийн баяр

"Хустай бэкери" ХХК 10 жилийн ойгоороо 15м урт бялуу үйлдвэрлэж, хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж бэлэг барилаа.



Мөн "Хустай бэкери" ХХК-иас "Эрүүл хүнс-таны миний ирээдүй" сэдэвт видео контент бүтээх болон гар зургийн уралдааныг зохион байгуулж шагналыг гардууллаа. Видео контент бүтээх уралдааны тэргүүн байрт Булган сумын 2 дугаар сургуулийн Б.Туяацэцэг багштай 8б ангийн хамт олон, дэд байрт Булган сумын 3 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Х.Болор-Эрдэнэ, гутгаар байрт Булган сумын 3 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Г.Энх-Од,

Гар зургийн уралдаанд тэргүүн байрт Булган сумын 1 дүгээр сургуулийн 9в ангийн сурагч Ч.Энэрэл, дэд байрт Булган сумын 2 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Э.Маргад, 1 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Л.Мягмардорж нар, гутгаар байрт Булган сумын 2 дугаар сургуулийн 6б ангийн сурагч Х.Энх-Эрдэнэ, 1 дүгээр сургуулийн 9а ангийн сурагч Г.Өнөржаргал нар тус тус шалгарлаа.
















Холбоотой мэдээ