Мангиртын дулааны шугамд гэмтэл гарах нөхцөл бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 11:13:48

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангирт хорооллын айл өрхүүдийн төлөөлөл сумынхаа ИТХ-ын дарга Т.Тулгаатай уулзалт хийв.

Хурлын байгууллага иргэдийн өмнө тулгамдсан асуудлаар тэдний дуу хоолойг сонсож төлөөллийн ардчиллын зарчмаар сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулж хөндөгдсөн эрх ашиг, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэйгээр ажилладаг. Энэ ч утгаараа сумын ИТХ-ын даргад иргэд ханддаг байна. Уулзалтын үеэр Дархан сумын Мангиртын айл өрхүүдийн төлөөлөл энэ өвөл дулааны шугамд гэмтэл гарч болзошгүй байгаагаа ярилаа. Уулзалтад аймгийн Захирагчийн албаны мэргэжилтэн Д.Равжаа-Дэлгэрэх, Дархан сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Ц.Нямаа нар оролцов. Өнгөрсөн жил Мангиртын найман айлын 72 метр шугам таслаж хэсэг айлууд зутарсан. Энэ жил дахин ийм байдал давтагдаж болзошгүй учраас тус хэсгийн айл өрхүүд цаашид хэрхэх талаар ярилцлаа. Мангиртын айл өрхүүд буюу брак байшингийн айлуудын дулааны шугам сүлжээ элэгдэлд орчихсон шугам байдаг гэдгийг Захирагчийн албаны мэргэжилтэн Д.Равжаа-Дэлгэрэх хэлэв. Уг элэгдэлд орсон шугам хоолойг дулааны сүлжээ хариуцдаггүй иргэд өөрсдийн хөрөнгөөр засвар үйлчилгээгээ хийх учиртай гэв. Харин иргэд хашааны доторх шугам хоолойг засварлая, айлууд руу түгээдэг шугамыг засах хөрөнгө мөнгө байхгүй гэдгийг учирлав. Дархан сумын ИТХ-ын дарга асуудлыг судлаж үзээд цаашид мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулж дахин уулзалт хийхээр тогтлоо.

                     Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ