Байтынхан Олимпод ганцхан эрхтэй оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-18 11:11:03

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Туркийн Анталия хотод болсон Олимпын эрх олгох байт харвааны Дэлхийн цомын тэмцээнээс манай тамирчид эрхээ нэмж чадсангүй.


Энэхүү тэмцээн нь манай харваачдын сүүлчийн боломж байсан юм. Ингэснээр Ханжоугийн Азийн наадамд түрүүлсэн амжилтаараа Олимпын эрх өвөртөлсөн Б.Отгонболд байт харваачдыг төлөөлж Парист өрсөлдөх нь ээ. Түүний хувьд хоёр дахь Олимпдоо оролцох гэж байгаа юм. Токиогийн Олимпод байтынхан эрэгтэй, эмэгтэй тамирчнаа сойсон бөгөөд ганцаарчилсан болон холимог багийн харваанд цэц сорьж байлаа. Манай эрэгтэй харваачдаас Ж.Гантөгс “Лондон 2012”, "Рио 2016" зуны Олимпын наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Сүүлийн дөрвөн Олимп дараалан эрэгтэй харваачид Олимпын эрх аваад байна.


Парис 2024 зуны Олимпын наадмын байт харвааны тэмцээн Les Invalides-т 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 4-нийг хүртэл явагдана. Эрэгтэйчүүдийн урьдчилсан харваа 7дугаар сарын 25-нд болно. Харин хасагдах шатны харваа 7 дугаар 30-нд эхэлнэ. 

Холбоотой мэдээ