Парисын олимпын эмэгтэйчүүдийн волейболын тэмцээний хэсгийн шатны сугалаа боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-20 15:16:14

БАНГКОК, 2024 оны зургаадугаар сарын 20 /Xinhua/. Францын нийслэл Парис хотноо удахгүй болох зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн волейболын тэмцээний хэсгийн шатанд Хятадын шигшээ баг талбайн эзэн Франц, Олимпын аварга АНУ болон дэлхийн аварга Сербийн багтай тоглохоор оноолт таарлаа.


Хятадын шигшээ багийн хувьд Токиогийн олимпын наадамд түүхэндээ хамгийн амжилтгүй оролцсон бөгөөд Олимпын гурван удаагийн аварга болж байсан тус баг эхний шатнаас хасагдсан юм.


1984 онд Лос-Анжелес хотноо болсон олимпод анх удаагаа оролцож, анхны алтан медалиа хүртэж байсан Хятад багийн хувьд Парист болох наадам нь 11 дэх удаагийн Олимпын наадам болно. Хятадын баг Лос-Анжелесийн олимпоос хойш 20 жилийн дараа 2004 оны Афины олимпоос, мөн 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпоос алтан медаль хүртжээ. 


Парисын олимпын наадмын эмэгтэйчүүдийн волейболын тэмцээний сугалаа Бангкок хотноо лхагва гарагт явагджээ. Олимпод оролцох эрх авсан 12 баг дөрөв дөрвөөрөө гурван хэсэгт хуваагдан өрсөлдөнө.


А хэсэгт Францаас гадна АНУ, Хятад, Серби, В хэсэгт Бразил, Польш, Япон, Кени, С хэсэгт Итали, Турк, Нидерланд, Доминиканы Бүгд Найрамдах Улс оржээ. Хэсгээ тэргүүлсэн болон хоёрдугаар байрт шалгарсан багууд, мөн гуравдугаар байрт шалгарсан багуудаас хамгийн өндөр оноотой хоёр баг шөвгийн наймд шалгарна.


“Парис 2024” зуны Олимпын наадмын волейболын тэмцээн долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний хооронд Францын нийслэлд болно. 

Холбоотой мэдээ