ХОВД: Нутгийн 25 орчим хувьд зуншлага хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-24 12:01:54

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн арав хоногт Ховд аймгийн нутгаар салхи шуургатай байсан ба 250.6 мм хур тунадас оржээ.

Хамгийн их тунадас Чандмань Эрдэнэбүрэн, Дарви суманд орсон бол Булган суманд хамгийн бага буюу 1.0 мм тунадас оров.

Сумдад бэлчээрийн ургамлын дундаж өндөр 2-7 см байна.

Ургамлын ургалтын байдал Алтайн өвөр говийн сум (алтай, үенч, булган) болон Ховд сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна.  

Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 25 орчим хувьд зуншлага хэвийн, бусад нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байгаа юм.


Өнгөрсөн арав хоногт нийт нутгаар хур тунадас орсноор бэлчээрийн ургамал сэргэж, цаашид зуншлагын байдал сайжрах төлөвтэй байгаа гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ