ХОВД: Зуны сувилалд 3000 гаруй хүүхэд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-26 13:49:37

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт голын хөвөөнд бага насны хүүхдийг чийрэгжүүлэх зуны сувилал ажиллаж байна.

Тус сувиллын үйл ажиллагааг Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ болон таван Өрхийн эрүүл мэндийн төв хамтран хэрэгжүүлж байна.


13 дахь жилдээ өрнөж буй зуны сувилал 10 өдөр үргэлжилдэг. Өнөөдрийн байдлаар сувиллын үйл ажиллагаа эхлээд гурван өдөр болжээ.   

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд өмнө нь зорилтот бүлгийн тав хүртэлх насны 3000 гаруй хүүхдийг зуны сувилалд хамруулж, бага насны хүүхдийн бие бялдрыг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж байжээ.        


Харин энэ жилийн хувьд 250 орчим хүүхдийг зуны сувилалд хүлээн авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.    
 

Бага насны хүүхдийг чийрэгжүүлэх, дархлааг нь дэмжих зорилготой зуны сувиллын үйл ажиллагаанд энэ жил 10 гаруй сая төгрөгийн санхүүжилт зарцуулж байна.  

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар хүүхдийг нарны илчинд шар сүү, гүүний саамд оруулж, тараг, үзэмний шүүс, бантан зэрэг эмчилгээний эрүүл хүнсээр хооллож байна.    

Мөн хүүхдэд иллэг, массаж хийх аргачлалыг эцэг эхчүүдэд зааж, чийрэгжүүлэлтийн ач холбогдол, хүүхдийн хооллолт, асаргаа сувилгааны талаар сургалт хийж байгаа юм.  


Холбоотой мэдээ