Өнгөрөгч шөнө хэсэг хүмүүсийг хутгалсан ноцтой хэрэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-10 13:09:54

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяа Нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлалтай мөрийтэй автомат тоглоомын газарт өнгөрөгч шөнө “Шош” хэмээх хочтой иргэн А гэгч мөрийтэй тоглож байсан нэлээд хэсэг хүнийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан тухай ЦЕГ-аас мэдээллээ.

Уг хэргийн талаарх тодорхой мэдээллийг цагдаагийнхан одоогоор тодорхой өгөөгүй байна. Албан мэдээллийг жич өгөх бололтой. Энэхүү ноцтой хэрэг өнгөрсөн шөнийн  02:00 цагийн үед болжээ. Мөрийтэй тоглоомд их хэмжээний мөнгөө алдсан залуу “Дахиад мөнгө авч ирье, хаалгаа онгойлго” гэснээр хамгаалагч хаалга онгойлгожээ. Гэтэл бүлэг залуус тоглоомын газар руу дайран орж “АКА” буу тулган дээрэм хийж, бусдын биед хохирол учруулан, ихээхэн хэмжээний мөнгө дээрэмдсэн гэх мэдээлэл гадуур тараад байна. Галт болон хүйтэн зэвсэг ашиглан танхайрсан этгээдүүдийг баривчилж, Нийслэлийн  Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хутгалуулсан иргэдийг  ГССҮТ-д хүргэсэн боловч одоогоор  5-6 хүний биеийн байдал тун хүнд байна гэсэн мэдээ ирлээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ