Мексик улсад феминист гадаад бодлогын асуудлаарх сайд нарын III бага хурал болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2024-07-03 16:22:47

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын гуравдугаар бага хурал Мехико хотноо “Маргаашийн сайн сайхны төлөөх шийдлүүд” хэмээх сэдвийн дор 2024 оны 7 дугаар сарын 1-3-нд болж байна.


Мексик улсын ГХЯ, Мексикийн эмэгтэйчүүдийн үндэсний хүрээлэн, НҮБ-Эмэгтэйчүүд зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй энэхүү бага хуралд 40 гаруй улс болон НҮБ, бусад олон улсын байгууллага, иргэний нийгмийн 300 орчим төлөөлөгчид оролцож байна.


Бага хурлын хүрээнд феминист гадаад бодлогын олон улсын хувь нэмэр, хэтийн төлөвийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, тогтвортой хөгжил, хөгжлийн санхүүжилт, энх тайван, аюулгүй байдал, засаглал, шинжлэх ухаан, технологийн дэвшил, цахим хөгжил, ялгаварлан гадуурхалтыг эцэс болгох зэрэг асуудлаарх салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.


Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр бага хурлын өндөр түвшний хуралдаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд хэрэгжүүлж буй үндэсний бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулав. Түүнчлэн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар танилцуулж, өндөр түвшинд оролцохыг улс орнуудад уриаллаа.

Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын гуравдугаар бага хурлаас Даргын хураангуй гарган, Тунхаглал батлах юм.


Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын анхны хурлыг 2022 онд ХБНГУ, хоёдугаар хурлыг 2023 онд Нидерландын Хаант Улс хүлээн авч, тус тус зохион байгуулж байв.

Холбоотой мэдээ