Олимп, Паралимпын наадамд оролцох баг тамирчдад Төрийн далбааг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам эхлэхэд ердөө 21 хоног үлдлээ.
Манай улсаас энэ удаагийн Олимпод 33 тамирчин оролцох эрхээ авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” Олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардуулах ёслолд оролцлоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёслолыг нээж хэлэхдээ “Парисын Олимпыг зорихоор бие сэтгэл, хүчний бэлтгэлээ хангасан баг тамирчид, багш дасгалжуулагчид, спортыг дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монголчууд Олимпоос 30, Паралимпаас дөрвөн медаль авсан сайхан амжилттай ард түмэн. Манай үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ бүрэн хангаж, Парисыг зориход бэлэн болжээ. Зуны Олимпод есөн төрлөөр 33, Паралимпад зургаан төрлөөр есөн эрх баталгаажуулсан байна. Энэ үед багт тамирчдаа бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, спортын сэтгэл зүйн чадамжийг нэмэгдүүлэх, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх мэргэжлийн баг сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрвөн чиглэлээр ажиллалаа. Олимп, Паралимпын эрх авсан тамирчдадаа амжилт хүсэхийн сацуу эрх авсан бүх хүнд Засгийн газраас мөнгөн урамшуулал олгохоор болсныг дуулгахад таатай байна. Нийт баг тамирчдадаа өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг олонтаа мандуулж, төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлэхийн ерөөл өргөе. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэв.
Зуны XXXIII наадмын нээлтийн ёслолд Монголын
багийн тугчаар гавьяат тамирчин Б.Сэр-Од, боксын олон улсын хэмжээний мастер О.Есүгэн
нарыг томилжээ. Б.Сэр-Од гавьяат Олимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох
бол О.Есүгэн анхны Олимпдоо тулалдана.
Тэгвэл XVII Паралимпын наадмын нээлтийн ёслолд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ, байт харвааны тамирчин Б.Оюун-Эрдэнэ нарыг томилогдсон бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс төрийн далбааг хүндэтгэлтэйгээр гардан авсан юм. Тэд зуны Паралимпын наадамд гурав дахь удаагаа оролцох гэж байгаа нь энэ.
Үүний дараа МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг “Монголын тамирчид 16 спортын төрлөөр өвөл, зуны Олимпод оролцлоо. Энэ есөн спортын төрөлд 33 тамирчин эрхээ авч, бэлтгэлээ хангаж байна. Гавьяат тамирчин Б.Сэр-Од зургаа дахь Олимпдооо оролцох гэж байна. Тэр энэ амжилтаараа дэлхийд анхдагч боллоо. Чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцоно. Мөн дугуйн спортынхон 28 жилийн дараа Олимпын наадамд эргэн ирлээ. Б.Энххүслэн, Б.Энхтамир гэсэн эгч, дүүс олимпод оролцоно. Тамирчдын зам дардан байх болтугай. Медалийн буухиаг үргэлжлүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээлээ.
Марафон гүйлтийн төрлөөр зургаан наадамд оролцохоор болсон дэлхийн цорын ганц тамирчин Б.Сэр-Од сэтгэгдлээ хуваалцахдаа, “Үгээр хэлж, үзгээр бичихийн аргагүй сайхан мэдрэмж төрж байна. Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцоно гэдэг их хувь заяа. Дэлхийд байхгүй түүх. Өдий зэрэгтэй амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг гаргахад хувь нэмрээ оруулсан Монгол Улсын Засгийн газар, БТСУХ, МҮОХ, Монголын хөнгөн атлетикийн холбоо, гэр бүл, хамтран зүтгэгчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье. Сэтгэл өндөр байна. Миний хувьд Японд бэлтгэлээ базааж байна. Маргааш Япон руу буцна. Тэндээсээ шууд Парисыг зорихоор болсон. Зургаа дахь Олимпын наадамд бүх сэтгэл зүрхээ зориулж уралдахаа амлаж байна” хэмээн ярилаа.
Тэгвэл Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, “Хэдхэн хоногийн дараа бид түүхийн шинэ хуудсыг бичихээр Парисыг зорино. Өнөөдөр баг тамирчид бид бүгд төрийн далбаагаа авлаа. Төр засаг, ард түмнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй. Бүхнээ дайчилна гэдгээ тангараглаж байна” хэмээн ярив.
Зуны XXXIII наадамд оролцох Монголын баг тамирчдын түрүүч энэ сарын 15-нд Парисын зүг хүлгийн жолоо зална. Байт харвааны урьдчилсан харваа энэ сарын 24-нд эхлэх юм.