Е.Мерритт: Онгон зэлүүд тал нутаг, малчны хотонд очихыг ихэд хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-07-12 14:29:13

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийг гадаадын 2000 гаруй жуулчин үзэж сонирхжээ.


Баяр наадмын долоодугаар сард гэхэд манай улс 20 мянга шахам жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувиар нэмэгдэж, хамгийн их жуулчин ирсэн тухай салбарын яамнаас мэдээлж байна.


Аргентин улсын иргэн К.Есекуие, АНУ-ын иргэн Е.Мерритт нартай уулзан сэтгэгдлийг сонсов. Тэд Монголд анх удаагаа иржээ. Мөн энд ирээд танилцсанаа өгүүлж байлаа.


К.Есекуие "Би одоо Испанид амьдарч байна. Испанийн Викториа хотоос Монголд ирсэн. Анхны сэтгэгдэл их өндөр, ирсэндээ их тааламжтай байна. Монгол хүмүүс их эелдэг, зочломтгой, сайхан харилцаатай юм. Харин Улаанбаатар хотын талаар хэлэхэд замын түгжрэл их, сэтгэл жаахан дундуур байлаа. Би удахгүй хөдөө, Завхан аймаг явна. Отгонтэнгэр хайрханыг үзэх хүсэлтэй байгаа. Морь унахыг тэсэж ядан хүлээж байна" хэмээж байв.




Аргентин улсын иргэн К.Есекуие: Наадмын хуушуур махтай, шүүслэг, үндэсний энгийн хоол гэдгээрээ их таалагдсан.


Тэрээр Монголд ирэхийн өмнө олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авч, энэ удаад группээр аялж байгаа ажээ. Тэгвэл АНУ-ын иргэн Е.Мерритт, "Би зочид буудлуудын сүлжээгээр дамжуулан мэдээлэл авч, Монголд хувиараа ирсэн. Миний зорилго бол хот үзэх биш юм. Онгон зэлүүд тал нутаг, малчны хотонд очихыг ихэд хүсэж байна. Монголын сайхныг хөдөөнөөс мэдэрнэ" гэдгээ ярилаа. Тэрээр Токио хотод амьдардаг ажээ.


Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу дутагдаж буй тухай санал бодлыг нь тэднээс сонирхоход, гадаадынханд монгол орны талаарх танилцуулга, мэдээлэл маш их хэрэгтэй байгааг дурдаж байв. Аялагчдын судалгаа их чухал гэдгийг нэмж хэлсэн юм. 

Холбоотой мэдээ